Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна
Хүмүүжлийн шинэ хандлага руу дэлхий шилжиж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг дэлхий нийтээр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Анх 1998 онд Center for Effective Discipline байгууллагаас санаачилсан энэхүү өдөр нь хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэлийг зогсоох, эерэг хүмүүжлийг дэлгэрүүлэх зорилготой юм. Энэхүү санаачилга нь НҮБ-ын баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл баримтлалтай уялдаж, хүүхэд бүр хүчирхийллээс ангид орчинд өсөх эрхтэйг онцолдог.
Өнөөдрийн байдлаар дэлхийн олон улс орон хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглож, хүмүүжлийн эерэг арга барилыг бодлогын түвшинд дэмжиж байна.
Судалгаагаар бие махбодын шийтгэл нь хүүхдийн сэтгэлзүйд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Тухайлбал, айдас, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад хүчирхийллийг хэвийн зүйл мэт хүлээн авах хандлага бий болдог байна. Харин эерэг хүмүүжлийн тайлбарлах, ойлгуулах, урамшуулах зэрэг арга нь хүүхдийн сэтгэл зүйг дэмжиж, зөв төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
Монгол Улсын хувьд мөн НҮБ-ын конвенцид нэгдсэн орны нэг. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин сайжирч, эцэг эх, багш нарт зориулсан эерэг хүмүүжлийн сургалт, зөвлөгөө нэмэгдэж байгаа нь онцлох үзүүлэлт болж байна.
“Хүүхдийг зодохгүйгээр хүмүүжүүлэх боломжтой” гэх ойлголтыг түгээх нь энэ өдрийн хамгийн чухал уриа юм. Хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэднийг ойлгож харилцах нь зөвхөн нэг өдрийн биш, өдөр тутмын дадал болох учиртай гэдгийг энэ өдөр сануулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.