АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн хэргээр Холбооны мөрдөх товчооны дарга асныг яллагдагчаар татав
АНУ-ын Хууль зүйн яамнаас Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комиг Ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн хэргээр яллагдагчаар татсан талаар 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр мэдэгдлээ.
Хойд Каролина мужийн Зүүн тойргийн холбооны тангарагтны шүүхээс түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан, мөн муж хоорондын харилцаа холбооны хэрэгсэл ашиглан заналхийлсэн гэх хоёр ноцтой эрүүгийн хэрэгт буруутгаж, баривчлах захирамж гаргасан байна. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 5-аас 10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх эрсдэлтэй бөгөөд уг хэргийг шүүгч Луиза Вуд Фланаган дэнслэхээр болжээ.
Энэхүү хэрэг нь Жеймс Комигийн 2025 оны тавдугаар сарын 15-нд Хойд Каролина мужид амарч байхдаа инстаграм хуудсандаа нийтэлсэн гэрэл зурагтай шууд холбоотой юм.
Тэрээр далайн эрэг дээрх хясаануудыг өрж "86 47" гэсэн тоог дүрсэлсэн зургийг цахим орчинд хуваалцжээ. Америкийн хар ярианд "86" гэдэг нь хэн нэгнээс салах, устгах гэсэн утгыг илэрхийлдэг бол "47" нь АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трампыг төлөөлсөн гэж хууль хяналтын байгууллага үзэж байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп "Fox News" сувагт өгсөн ярилцлагадаа энэ үйлдлийг өөрийнх нь эсрэг чиглэсэн аллага үйлдэх заналхийлэл хэмээн тодорхойлж, Жеймс Комиг уг тооны утгыг маш сайн мэдэж байсан хэмээн буруутгасан юм.
Маргаан дагуулсан гэрэл зураг нийтлэгдсэний дараа Жеймс Коми уучлал гуйж, уг нийтлэлээ устгасан байдаг. Тэрээр тухайн үед далайн эрэг дээрх хясааг улс төрийн энгийн нэгэн илэрхийлэл гэж бодсоноо тайлбарлаад, зарим хүмүүс эдгээр тоог хүчирхийлэлтэй холбож ойлгодог гэдгийг мэдээгүйгээ илэрхийлсэн. Мөн аливаа хүчирхийллийн эсрэг байдаг тул нийтлэлээ устгасан хэмээн мэдэгдэж байв. Харин яллагдагчаар татагдсаныхаа дараа буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд тэрээр цахим сүлжээнд дүрс бичлэг нийтэлж, өөрийгөө гэм буруугүй бөгөөд айж эмээхгүй байгаагаа илэрхийлээд, Доналд Трампын эсрэг зогсоход төлөх төлөөс байдгийг онцолжээ.
Хууль зүйн яамны зүгээс энэ асуудалд маш хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий прокурор Тодд Бланш хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Ерөнхийлөгчийн амь насанд заналхийлэх үйлдлийг Хууль зүйн яам хэзээ ч тэвчихгүй гэдгийг хатуу анхааруулав. Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател Жеймс Коми нь Ерөнхийлөгч Доналд Трампын амь насанд заналхийлсэн үйлдлийг ичгүүргүйгээр өөгшүүлсэн гэж шүүмжлээд, Холбооны мөрдөх товчооны даргаар ажиллаж байсан хүний хувьд ийм нийтлэл ямар үр дагаварт хүргэхийг маш сайн мэдэж байсан хэмээн нэмж хэлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Доналд Трампын засаг захиргааны үед Жеймс Комиг эрүүгийн хэрэгт татаж буй хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь 2025 оны есдүгээр сард түүнийг Конгресст худал мэдүүлэг өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгаж байсан ч тухайн оны арваннэгдүгээр сард холбооны шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Учир нь хэрэг үүсгэсэн прокурорыг хууль бусаар томилогдсон гэж шүүх үзсэн юм. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон шүүмжлэгчид энэ удаагийн яллах дүгнэлтийг Хууль зүйн яамнаас улс төрийн өрсөлдөгчдөө онилох гэсэн ээлжит оролдлого байж болзошгүй хэмээн дүгнэж байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.