Орост интернэтийн тасалдал иргэдийн бухимдлыг төрүүлж, хяналт чангарчээ
ОХУ-д Украин руу бүрэн хэмжээний халдлага үйлдэж эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2026 оны хавар олон нийтийн дунд бухимдал эрс нэмэгдэж байна.
CNN агентлагийн шинжээч Натан Хожийн дөрөвдүгээр сарын 26-нд нийтэлсэн дүн шинжилгээгээр, энэхүү дургүйцлийн гол шалтгаан нь Москва зэрэг томоохон хотуудад гарсан интернэтийн тасалдал болон цахим үйлчилгээний доголдолтой шууд холбоотой болохыг онцолжээ.
Гуравдугаар сарын эхээр нийслэл Москва хотод эхэлсэн интернэтийн хязгаарлалт нь цахим худалдаа болон өдөр тутмын хэрэглээний аппликэйшнүүдийн үйл ажиллагааг доголдуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар тайлбар хийхдээ, интернэтийн тасалдлыг "террорист халдлагаас урьдчилан сэргийлэх шуурхай ажиллагаатай холбоотой ховор тохиолдол" хэмээн зөвтгөжээ. Гэвч тэрээр олон нийтийн мэдээлэл авах эрх хязгаарлагдмал байх ёстой гэсэн санааг давхар илэрхийлсэн байна.
Олон нийтийн эсэргүүцлийн хариуд Кремль хяналт цагдалтын аппаратаа эрчимжүүлж, Зөвлөлтийн үеийн арга барилыг сэргээж эхлэв. Уламжлалт үнэт зүйлийг барууны аюултай үзэл санаанаас хамгаалах нэрийдлээр бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг хавчих нь ихэсчээ. Тухайлбал, цагдаа нар "Новая Газета" сонины сэтгүүлчийг саатуулж, хараат бус хэвлэлүүдийг "экстремист" хэмээн цоллох нь нэмэгдсэн байна.
Соёлын салбар дахь цэнзүүр мөн хурцадмал байдалд хүрлээ. Оросын Мөрдөн байцаах хорооны ажилтнууд тус улсын хамгийн том хэвлэлийн газруудын нэг болох "Эксмо"-гийн оффист нэгжлэг хийж, ажилтнуудыг нь баривчилжээ. Энэ нь "ЛГБТК суртал ухуулга"-тай холбоотой бүтэн жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын оргил үе байв. Уг ажиллагаа нь Зөвлөлтийн зуслан дахь хоёр залуугийн хайр дурлалыг өгүүлсэн 2021 оны шилдэг борлуулалттай "Пионерийн зангиатай зун" романыг хэвлэн гаргасан "Popcorn Books" охин компани руу шууд чиглэсэн байна.
Дотоодод бухимдал ихсэж, баривчилгаа эрчимжиж байгаа хэдий ч Оросын төрийн тогтолцоо бат бөх хэвээр байна.
Аюулгүй байдлын албад томоохон хэмжээний жагсаал цуглаан гарахаас сэргийлж чадаж байгаа бөгөөд Оросын эдийн засаг дайны үеийн хүндрэлийг харьцангуй тогтвортой даван туулж байна. Түүнчлэн Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн дэлхийн газрын тосны үнийг өсгөсөн нь ОХУ-ын дайны санхүүжилтэд гэнэтийн эдийн засгийн дэмжлэг болж байгааг шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.