Зорилтот өрхийн амьжиргааг дээшлүүлэх “төгсөлтийн аргачлал” үр дүнгээ өгчээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн үр нөлөөний үнэлгээг оролцогч талуудад танилцуулж, хэлэлцлээ.
Тус хөтөлбөрийг 2022–2025 онд “Цар тахлын үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл–2”-ын хүрээнд Монгол Улсад туршилтаар хэрэгжүүлсэн бөгөөд олон улсад амжилттай хэрэгжсэн аргачлалыг нутагшуулах зорилготой байв. Хөтөлбөрт гурван дүүргийн нийт 1259 өрхийг хамруулж, 36 сарын хугацаанд өрхийн амьжиргааг сайжруулах, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулын хэлснээр, уг хөтөлбөр нь зорилтот өрхийг оновчтой тодорхойлох, чадавхжуулах, өрхөд чиглэсэн сургалт, дасгалжуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, төрийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон талт арга хэмжээг нэгтгэн хэрэгжүүлсэн нь арга зүйн сайн туршлага болсон байна.
Азийн хөгжлийн банкнаас хийсэн үр нөлөөний үнэлгээгээр хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ нь зорилтот өрхүүдийн амьжиргаанд эерэг өөрчлөлт авчирсныг онцолсон байна.
Мөн хэрэгжилтийн явцад гарсан сорилт, сургамжуудыг тодорхойлж, цаашдын бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой зөвлөмжүүдийг дэвшүүлжээ. Түүнчлэн уг туршилтын хөтөлбөрийн үр дүн, сургамжид үндэслэн “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкнаас цаашид техник туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.