Вакцин үйлдвэрлэлээ хөгжүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах чиглэл өглөө

Вакцин үйлдвэрлэлээ хөгжүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах чиглэл өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Биокомбинат” төрийн өмчит ХХК-д ажиллаж, вакцин үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай танилцлаа.

1923 онд байгуулагдсан “Биокомбинат” үйлдвэр 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар шинэчлэгдсэнээс хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй бөгөөд өнөөдөр барилга байгууламжийн насжилт өндөрсөж, тоног төхөөрөмжийн элэгдэл нэмэгдсэн, орчин үеийн стандартын шаардлага хангахгүй болсон зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Тус үйлдвэрт ашиглагдаж буй 160 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн ердөө 32.8 хувь нь шинэчлэгдсэн бол 54 хувь нь яаралтай шинэчлэх шаардлагатай, 13.2 хувь нь ашиглалтаас гарсан байна.

3288a7510ed84952aca4f7ffac414ef9

847c0fc181f54673a9c55545ab8b8323

Одоогоор “Биокомбинат” жилд 46 нэр төрлийн 130-133 мянган литр шингэн вакцин, 31-35 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гэвч санхүүгийн боломж хязгаарлагдмал, цалин хөлсний түвшин харьцангуй бага, нарийн мэргэжлийн боловсон хүчин, тухайлбал автомат удирдлагын PLC инженерийн хомсдол зэрэг нь үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг удирдлагууд онцоллоо.

Салбарын сайд Ц.Идэрбат мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх хувийг өсгөх зорилтын хүрээнд малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Малын эрүүл мэнд бол хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой” гэдгийг онцолсон юм. “Биокомбинат” ТӨХХК-ийн зүгээс салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр томоохон төсөл боловсруулжээ. Үүнд 55 сая ам.долларын өртөгтэй “Вирусийн гаралтай вакцины шинэ үйлдвэр, лаборатори” байгуулах төсөл, мөн 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй “Хуурайшуулсан вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл багтаж байна.

Эдгээрийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, стандарт сайжрах юм. Сайд Ц.Идэрбат дээрх төслүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх саналаа боловсруулж танилцуулах чиглэл өгч, мөн дотоодын эрдэмтдийн боловсруулсан өндөр технологид суурилан вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавив.

5b6adbd0d5934c13bf42e2705dc47b5e

77ee803c8c47409e8741046ec1e98446

Дотооддоо вакцин үйлдвэрлэж, лабораторид баталгаажуулах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, импортын вакцинд зарцуулдаг валютын урсгалыг бууруулах, үндэсний үйлдвэрийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, вакцины чанар, үр нөлөөг сайжруулах давуу талтай юм. 

Мөн тосон суурьтай вакцин нэвтрүүлснээр малыг жилд нэг удаа вакцинжуулах боломж бүрдэж, малчдын зардал, ачаалал буурах юм. Иймд сайд Ц.Идэрбат стратегийн ач холбогдол бүхий энэ салбарт төрөөс онцгой анхаарал хандуулж, бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

1f1b956760da4926a420bf8c90b3bec9

6e5b6aab73c44400bc5bbef50c31feac

c3dcd3c1846e469e8badf9c99b139f5f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.