Зеленскийн айлчлалыг Казахстан цуцалж Азербайжан хүлээн авлаа
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Төв Ази болон Кавказын бүс нутагт хийхээр төлөвлөсөн дипломат айлчлал ОХУ-ын шахалтын улмаас өөрчлөлтөд орлоо.
Тэрээр 2026 оны дөрөвдүгээр сарын 24-нд Казахстаны нийслэл Астана хотод очих хуваарьтай байсан ч эцсийн мөчид цуцлагдсан бол харин Азербайжан улс Москвагийн шаардлагыг үл тоомсорлон түүнийг Габала хотноо албан ёсоор хүлээн авч уулзсан байна.
Казахстан дахь айлчлал цуцлагдсан явдлыг олон улсын хэвлэлүүд, тэр дундаа "AZfront" болон "Dialog.UA" агентлагууд Москвагийн шууд нөлөөлөлтэй холбон тайлбарлаж байна. Кремлийн зүгээс өөрийн уламжлалт нөлөөллийн бүс гэж үздэг Төв Азийн орнуудад Украины төрийн тэргүүнийг хөл тавиулахгүй байхыг эрмэлзэж, дипломат аргаар хүчтэй дарамт үзүүлжээ. Энэхүү гэнэтийн өөрчлөлт нь Зеленскийн бүс нутгийн айлчлалын ерөнхий төлөвлөгөөг алдагдуулж, Саудын Арабт хийх уулзалтын товыг урагшлуулахад хүргэсэн байна. Тэрээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай уулзаж, дроны технологи болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийжээ.
Харин Азербайжан улс Оросын шаардлагаас татгалзаж, дөрөвдүгээр сарын 25-нд Ерөнхийлөгч Илхам Алиев Украины төрийн тэргүүнийг хүлээн авч дээд хэмжээний хэлэлцээ өрнүүлэв. Уулзалтыг ОХУ-тай хил залгаа оршдог Габала хотод зохион байгуулсан нь Бакугийн стратегийн бие даасан байдлаа харуулсан, гадаад бодлогод нь Москва хориг тавих эрхгүй гэдгийг илтгэсэн бэлгэдлийн чанартай үйлдэл боллоо гэж шинжээчид дүгнэж байна.
Талууд аюулгүй байдал, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар голчлон ярилцсан бөгөөд Зеленский энэ үеэр Азербайжаныг Украин, Орос, АНУ-ын хооронд явагдах ирээдүйн гурван талт энхийн хэлэлцээний төвийг сахисан талбар болгох санал дэвшүүлжээ.
Баку хотыг энхийн хэлэлцээний талбар болгох саналын хариуд ОХУ-ын Холбооны зөвлөлийн өндөр албан тушаалтан Владимир Жабаров байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр хэрэв оролцогч бүх талын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадвал Москва уг саналыг хэвийн хувилбар гэж үзэн хэлэлцэх боломжтойг мэдэгдэв. Гэсэн хэдий ч "From-UA" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг Кремлийн хувьд Кавказ дахь дипломат ялагдал хэмээн тодорхойлж байна. Учир нь Москва Казахстаны айлчлалыг зогсоож чадсан ч Азербайжаны шийдвэрт нөлөөлж чадаагүй нь хөрш орнууддаа үзүүлэх Оросын нөлөөлөл суларч байгаагийн тод илрэл боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.