Савангаас ч хөнгөн пүүзтэйгээр дээд амжилт тогтоов
2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны ням гарагт болж өнгөрсөн Лондон марафон гүйлтийн тэмцээнд Кенийн тамирчин Сабастиан Саве түүхэн амжилт үзүүлж, хоёр цагаас доош хугацаанд барианд орсон энэ дэлхийн анхны хүн боллоо. Тэрээр нэг км-ийг дунджаар 2 минут 50 секундийн хурдтайгаар туулж, хүн төрөлхтөний спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн байна.
Уг тэмцээн нь эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн хувьд онцгой үйл явдал болсон юм.
Сабастиан Савегаас гадна анх удаа марафонд оролцож буй Йомиф Кежелча мөн хоёр цагаас доош хугацаанд барианд орсон. Ингэснээр марафон тэмцээнд хоёр ч тамирчин нэгэн зэрэг хоёр цагийн босгыг давсан анхны тохиолдол болж бүртгэгдэж байгаа юм.
Шинэ дээд амжилт тогтооход тамирчны өмссөн пүүз олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Саве ердөө 99 грамм жинтэй буюу "савангаас ч хөнгөн" хэмээн нэрлэгдээд буй "Adidas Adizero Adios Pro Evo 3" загварын өндөр технологийн пүүзтэй гүйсэн бөгөөд үүнийгээ өөрийнх нь өмсөж байсан хамгийн шилдэг гутал хэмээн онцолжээ. Түүхэн үйл явдлын дараа "Adidas" компани "Хүн төрөлхтөн илүү хурдан боллоо" гэсэн уриатайгаар сурталчилгааны томоохон аян эхлүүлсэн байна.

Энэ удаагийн Лондон марафон нь зөвхөн эрэгтэйчүүдийн төрөлд бус, бусад олон төрөлд дээд амжилт эвдэгдсэн түүхэн тэмцээн байлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд Тигст Ассефа өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бол гал сөнөөгч Марк Пирт бүрэн хувцас хэрэглэлтэйгээр 3 цаг 2 минут 57 секунд гүйж Гиннесийн дээд амжилт тогтоожээ.
Эдгээр үйл явдлууд нь хүний биеийн нөөц боломж, спортын шинжлэх ухаан, технологийн хөгжил ямар өндөр түвшинд хүрснийг дэлхий нийтэд тод томруунаар харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.