Хятадын технологийн аваргууд хуурамч сүлжээ үүсгэсэн хэргээр өндөр торгууль хүлээв
БНХАУ-ын зах зээлийн зохицуулагчид хоол хүргэлт болон цахим худалдааны томоохон платформууд болох Alibaba, Meituan, PDD зэрэг компаниудад 3.6 тэрбум юань буюу 528 сая ам.долларын түүхэн торгууль ногдуулжээ. Энэхүү өргөн цар хүрээтэй шалгалтаар "сүнс" зоогийн газруудын сүүдрийн сүлжээ болон хууль сахиулагчдын ажилд саад учруулах гэсэн хачирхалтай үйлдлүүдийг илрүүлсэн байна.
Уг хэрэг Бээжин хотын нэгэн оршин суугч цахимаар төрсөн өдрийн бялуу захиалснаар эхэлжээ.
Захиалсан бялуу нь идэх боломжгүй цэцгэн чимэглэлтэй, маш муу чанартай байсан тул тэрээр холбогдох байгууллагад гомдол гаргасан байна. Энгийн хэрэглэгчийн гомдол мэт санагдсан энэ хэрэг үнэн хэрэгтээ биет дэлгүүргүй хэрнээ 400 гаруй салбартай гэх хуурамч нарийн боовны сүлжээг илрүүлэх эхлэл болсон аж.
Улмаар улс даяар 67,000 гаруй "сүнсэн" борлуулагч 3.6 сая гаруй бялуу зарсан болохыг тогтоожээ. Тэд хэрэглэгчдээс бүтэн үнийг нь авч, жинхэнэ үйлдвэрлэгчдийн дунд хямд үнийн дуудлага худалдаа зохион байгуулан дундаас нь ашиг олж, хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж байв.
Мөрдөн байцаалтын явцад хүргэлтийн компаниудын зүгээс хууль сахиулагчдын ажилд ноцтойгоор саад учруулах, хүч хэрэглэх тохиолдлууд гарсан байна.
Тухайлбал, нэгэн компанийн ажилтан "чимээгүй бай" гэж бичсэн цаасыг хамт олондоо анхааруулга болгон өгөх гэж байгаад баригдахдаа нотлох баримтыг газар дээр нь залгижээ. Мөн шалгагдаж байсан удирдах албан тушаалтан гэнэт ухаан алдсан дүр эсгэж эмнэлэгт хүргэгдсэн ч эрүүл мэндийн ямар ч асуудалгүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сард нэгэн компанийн аюулгүй байдлын албаны дарга хууль сахиулагчид руу дайрч, биед нь халдсан үйлдэл гарсан бөгөөд компаниуд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр мөрдөн байцаалтад саад учруулж байжээ.
БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газраас Alibaba, ByteDance-ийн Douyin, Meituan, JD.com болон PDD зэрэг долоон томоохон платформыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, борлуулагчдын тусгай зөвшөөрлийг шалгаагүй гэж буруутгав. Эдгээр компаниудад ногдуулсан 3.6 тэрбум юанийн торгууль нь 2015 онд Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших хамгийн өндөр дүн юм.
Ялангуяа шалгалтын ажилд хамгийн их саад учруулж, хуурамч мэдээлэл гаргаж өгсөн PDD компанид 1.5 тэрбум юань буюу хамгийн өндөр торгууль ногдуулжээ. Шийдвэр гарсны дараа дээрх компаниуд торгуулийг хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгахаа амласан мэдэгдэл гаргасан байна.
Салбарын шинжээчид энэхүү томоохон шалгалтыг хоол хүргэлтийн зах зээл дэх эрүүл бус өрсөлдөөн буюу үнийн дайныг зогсоох зорилготой засгийн газрын шууд хөндлөнгийн оролцоо гэж дүгнэж байна.
"S&P Global Ratings" байгууллагын шинжээч Флора Чангийн онцолсноор, энэхүү өндөр торгууль нь платформуудыг алдагдалтай үнийн бодлогоосоо татгалзаж, цаашид зөвхөн үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдлаараа өрсөлдөхөөс өөр аргагүй байдалд оруулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.