Америкчуудын Хятадын талаарх хандлага эерэгээр өөрчлөгдөж байна
Америкийн Нэгдсэн Улсын иргэдийн Хятад улсын талаарх хандлага сүүлийн жилүүдэд байгаагүйгээр зөөлөрч, эерэг үзүүлэлт рүү шилжиж эхэлснийг "Pew" судалгааны төвийн шинэ тайлан харууллаа.
2026 оны дөрөвдүгээр сарын 14-нд нийтлэгдсэн тус судалгаагаар насанд хүрсэн америкчуудын 27 хувь нь Бээжингийн талаар таатай сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн нь өмнөх оноос зургаан нэгжээр өссөн үзүүлэлт болов.
Хэдийгээр судалгаанд оролцогчдын 71 хувь нь Хятад улсыг сөргөөр үнэлсэн хэвээр байгаа ч иргэдийн байр суурьт мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Тодруулбал, тус улсыг "дайсан" гэж тодорхойлох америкчуудын эзлэх хувь 28 болж буурсан бол "өрсөлдөгч" хэмээн үзэх хандлага 60 хувьд хүрч өссөн байна. Харин нийт иргэдийн 10 орчим хувь нь Бээжинг Вашингтоны түнш гэж тогтвортой дүгнэсэн хэвээр байна.
Хандлагын өөрчлөлт нь улс төрийн нам болон насны бүлгүүдийн дунд харилцан адилгүй байна. Ардчилсан намыг дэмжигчдийн дунд эерэг хандлага өнгөрсөн жилээс найман нэгжээр огцом өссөн бөгөөд тэдний ердөө 14 хувь нь Хятадыг дайсан гэж үзэж байна. Харин Бүгд найрамдах намынхны байр суурь төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд сөрөг хандлага давамгайлсан хэвээр байгаа юм.
Түүнчлэн 50-иас доош насны залуучуудын 34 хувь нь Хятадад нааштай хандаж байгаа бол 50-иас дээш насныхны дунд энэ үзүүлэлт дөнгөж 19 хувьтай байна.

Хоёр улсын удирдагчдын талаарх олон нийтийн үнэлгээ мөн анхаарал татаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн тавцанд зөв шийдвэр гаргана гэх америкчуудын итгэл 2023 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Нөгөөтэйгүүр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны тавдугаар сард Бээжинд айлчилж, дээд хэмжээний уулзалт хийхээр бэлтгэж буй энэ үед түүний Хятадын чиглэлд баримталж буй бодлогод итгэх иргэдийн итгэл 39 хувь болж буурсан байна.
Олон нийтийн байр суурь ийнхүү өөрчлөгдөж байгаа нь дэлхий дахинд ажиглагдаж буй геополитикийн шилжилттэй давхцаж байна. "Gallup" байгууллагын саяхан явуулсан дэлхийн хэмжээний санал асуулгаар 130 гаруй улс оронд Хятадын манлайллыг сайшаах үзүүлэлт 36 хувьд хүрч өссөн бол АНУ-ынх 31 хувь руу ухарчээ. Энэ нь цаашид хоёр гүрний харилцаа болон Ерөнхийлөгч нарын удахгүй болох уулзалтад чухал нөлөө үзүүлэх суурь нөхцөл болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.