АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох гэрээг сунгалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улстай байгуулсан хоёр долоо хоногийн гал зогсоох гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ.
Лхагва гаргийн орой дуусах хуваарьтай байсан уг гэрээг сунгаснаар АНУ-ын зэвсэгт хүчний цохилтыг түр зогсоосон хэдий ч Тегераны эсрэг чиглэсэн эдийн засаг болон тэнгисийн цэргийн хориг арга хэмжээ хэвээр үргэлжлэх юм.
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" цахим хуудсаараа дамжуулан Ираны тал нэгдсэн санал боловсруулж, хэлэлцээг нэг тийш болгох хүртэл гал зогсоох хугацааг сунгана гэдгээ онцолсон байна. Энэхүү шийдвэрийг Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф болон Зэвсэгт хүчний жанжин, маршал Асим Мунир нарын шууд хүсэлтээр гаргасан бөгөөд Ш.Шариф дипломат арга замыг сонгосонд талархал илэрхийлжээ. Цагаан ордны тэргүүн Ираны засгийн газрыг дотооддоо ноцтой хагаралтай байгаа тул АНУ-д нэгдсэн санал танилцуулахад илүү хугацаа шаардлагатай хэмээн тайлбарласан юм.
Гал зогсоох гэрээг сунгах шийдвэр гаргахаас хэдхэн цагийн өмнө буюу мягмар гаргийн өглөө Д.Трамп "CNBC" сувагт ярилцлага өгөх үеэрээ цэргийн цохилт өгөхөд бэлэн байгаагаа анхааруулж байв. Гэрээ сунгагдсантай холбогдуулан Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нарын бүрэлдэхүүнтэй АНУ-ын төлөөлөгчдийн Пакистаны нийслэл Исламабад хотод хийхээр төлөвлөж байсан хоёр дахь шатны энхийн хэлэлцээг түр хойшлуулжээ. Нөгөөтэйгүүр, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Парламентын дарга Мохаммад-Багер Галибаф нар заналхийллийн дор хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдэж, хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байна.
Агаарын цохилтыг түр зогсоосон хэдий ч АНУ-ын зэвсэгт хүчин Ираны боомтууд болон Ормузын хоолойд тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлж байна. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр бүслэлт эхэлснээс хойш нийт 28 хөлөг онгоцыг буцаажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны Харг арал дээрх газрын тос хадгалах байгууламж хэдхэн өдрийн дотор дүүрч, газрын тосны цооногуудын үйл ажиллагаа зогсоход хүрнэ гэдгийг анхааруулав. Тэрээр Ираны газрын тосны экспортод далд хэлбэрээр тусалсан аливаа хувь хүн, хөлөг онгоцонд нэн даруй хориг арга хэмжээ авахаа хатуу мэдэгдсэн байна.
Вашингтон болон Тегераны хоорондох хурцадмал байдал дипломат болон эдийн засгийн шахалт хосолсон эгзэгтэй үе шатанд шилжсэнийг дээрх үйл явдлууд харуулж байна. Цаашид Ираны удирдлагууд дотоодын зөрчлөө шийдвэрлэж, АНУ-тай хэлэлцээний ширээнд суух эсэх, эсвэл эдийн засгийн хоригт бүрэн боомилогдох эсэх нь олон улсын анхаарлын төвд хүлээгдэж байна.
Эх сурвалж:
• time.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.