Румен Радевын эвсэл Болгарын парламентын сонгуульд түүхэн ялалт байгуулжээ
Болгар улсад болсон парламентын ээлжит бус сонгуульд Ерөнхийлөгч асан Румен Радевын тэргүүлсэн "Дэвшилтэт Болгар" эвсэл нийт саналын 45 орчим хувийг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэхүү үр дүнгээр тус эвсэл 240 суудлаас 130-135 суудал авах нь тодорхой болж, 1997 оноос хойш анх удаа нэг улс төрийн хүчин дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжтой болж байна.
Сонгуулийн албан ёсны дүнгээр Бойко Борисовын тэргүүлсэн "GERB-SDS" блок 13.4 хувь, барууныг баримтлагч "Бид үргэлжлүүлнэ-Ардчилсан Болгар" эвсэл 13.2 хувийн санал авч удаалжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд найм дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү сонгууль нь тус улсад олон жил үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдлыг эцэслэх чухал ач холбогдолтой юм. Румен Радев авлигажсан олигархи засаглалыг устгах зорилгоор энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын төлөө өрсөлдөх шийдвэр гаргасан нь ийнхүү амжилтад хүрлээ.
Шинэ Засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой болсон тэрбээр гадаад бодлогын хувьд өвөрмөц байр суурьтай байна. Радев ялалтын илтгэлдээ Европын Холбоог шүүмжилж, тус байгууллагад прагматик хандлага дутагдаж байгааг онцолсон юм. Түүнчлэн Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эрс эсэргүүцэж, ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг буруутгахын зэрэгцээ Москватай яриа хэлцэл хийхийг уриалсаар ирсэн билээ.
Түүний энэхүү ялалтад олон улсын зүгээс харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлж байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен баяр хүргэж, аюулгүй байдлын төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний яриа хэлцэл хийх хүсэл эрмэлзлийг сайшаажээ. Олон улсын шинжээчид Румен Радевыг Европын Холбооны доторх шинэ шүүмжлэгч дуу хоолой болж, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай төстэй байр суурь баримталж магадгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж:
• news.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.