Германы анчид өнгөрсөн жил 2927 гахай устгалд оруулжээ
Герман улсын албан ёсны статистик мэдээллээр 2025 онд цацраг идэвхт бодисын бохирдол хэтэрсэн шалтгаанаар нийт 2927 зэрлэг гахайг буудаж устгасан байна.
Эдгээр амьтдын маханд хийсэн шинжилгээгээр цезий-137 изотопын хэмжээ нэг килограмм тутамд 600 беккерель буюу хүний эрүүл мэндэд аюулгүй байх хуулийн хязгаараас давсан тул хүнсэнд хэрэглэхийг хатуу хоригложээ.
Цацраг идэвхт бодист хордсон амьтдын дийлэнх нь буюу 75 гаруй хувь нь Бавари мужид бүртгэгдсэн бөгөөд тус бүс нутагт 2308 гахайг устгалд оруулсан байна. Үүнээс гадна Баден-Вюртембергт 491, Саксонид 109, Тюрингид 18, Рейнланд-Пфальц мужид нэг тохиолдол тус тус илэрчээ. Хэдийгээр өнгөрсөн онд устгасан амьтдын тоо өндөр байгаа ч өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Жишээлбэл, 2022 онд 7539, 2024 онд 3099 зэрлэг гахайг ижил шалтгаанаар устгаж байв.
Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд "Зэрлэг гахайн парадокс" хэмээн нэрлэдэг бөгөөд бохирдлын эх үүсвэр нь хоёр өөр түүхэн үйл явдалтай холбогддог.
Олон жилийн турш үүнийг зөвхөн 1986 оны Чернобылийн цөмийн станцын осолтой холбон тайлбарлаж байсан бөгөөд тус ослоос үүдэлтэй цезий-137 изотопын 40 орчим хувь нь Германы ойн хөрсөнд хадгалагдан үлджээ. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар зарим амьтдын бие дэх цацраг идэвхт бодисын 10-68 хувь нь 1950-1960-аад оны Хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн туршилтаас үүдэлтэй болохыг тогтоосон байна.
Ойн бусад амьтдын цацрагийн түвшин буурсан байхад зэрлэг гахайных өндөр хэвээр байгаагийн гол шалтгаан нь тэдний иддэг бугын трюфель мөөгтэй шууд хамааралтай. Газар доор ургадаг уг мөөг нь хөрсний гүн рүү нэвчсэн цацраг идэвхт изотопыг олон арван жилийн турш өөртөө шингээж авдаг онцлогтой ажээ.
Цацрагийн шинжилгээнд бүдэрч, махаа борлуулах боломжгүй болсон анчдад Германы Холбооны захиргааны газраас санхүүгийн нөхөн олговор олгодог систем үйлчилж байна. Одоогийн байдлаар насанд хүрсэн нэг зэрлэг гахай тутамд 204.52 евро, харин тооройд 102.26 еврогийн нөхөн төлбөр олгож байгаа юм. Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан цацраг идэвхт бодистой аливаа маханд худалдаалах хориг тавьж, тусгай мэргэжлийн байгууллагын хяналт дор аюулгүйгээр устгадаг дүрэмтэй.
Чернобылийн ослын 40 жилийн ой ойртож буй энэ үед уг асуудал дахин олны анхаарлын төвд орж байна. Германы эрх баригчид болон Цацрагийн хамгаалалтын холбооны газраас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд бүрэн аюулгүй болсон хэдий ч ойн экосистем, тэр дундаа зэрлэг амьтад болон мөөгөнд цацраг идэвхт бодисын үлдэгдэл урт хугацаанд хадгалагдсаар байгааг онцоллоо. Энэ нь цөмийн гамшиг болон зэвсгийн туршилт байгаль орчинд хэчнээн урт хугацааны, гүн гүнзгий хор уршиг үлдээдгийг харуулсан тод жишээ болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.