Европ тивд ердөө зургаан долоо хоног орчим хүрэлцэх нисэхийн түлш үлджээ
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) гүйцэтгэх захирал Фатих Бирол АНУ, Израиль болон Ираны хооронд өрнөж буй дайны улмаас Европ тивд ердөө зургаан долоо хоног орчим хүрэлцэх нисэхийн түлш үлдсэн болохыг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр анхаарууллаа.
АНУ болон Израилийн агаарын цохилтын хариуд Иран улс дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг зургаа гаруй долоо хоногийн турш хаагаад байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралыг өдөөгөөд байна.
Ойрхи Дорнод нь нисэхийн түлшний хамгийн том эх үүсвэр тул дэлхийн нисэхийн салбар хүнд цохилтод орж эхлэв. Түлшний нөөцөө хэмнэхийн тулд Европын томоохон тээвэрлэгчид болох "Lufthansa", "Air France-KLM", "SAS" компаниуд нислэгийнхээ тоог бууруулж, Италийн хэд хэдэн нисэх онгоцны буудал түлшний хязгаарлалт тогтоожээ. Түүнчлэн томоохон хотууд хоорондын нислэгүүд удахгүй цуцлагдаж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байна. Азийн агаарын тээврийн компаниуд ч мөн хуваариа танаж, нэмэлт түлштэй нисэх буюу "tankering" хийх зэргээр нөхцөл байдалд дасан зохицохыг оролдож байна.
Нисэхийн түлш нь бусад боловсруулсан шатахуунтай харьцуулахад бага хэмжээгээр үйлдвэрлэгддэг тул үнэ нь хамгийн эрчимтэй өсөж байна. Иран руу агаарын цохилт өгч эхэлснээс хойш АНУ-ын нисэхийн түлшний "Argus" индекс 70 хувиар өсөж, нэг галлон нь 4.24 ам.долларт хүрчээ.
ОУЭХА-ийн тайлангаас үзэхэд, Европ тив нисэхийн түлшний импортынхоо 75 хувийг Ойрхи Дорнодоос хангадаг байсан бөгөөд алдагдсан нийлүүлэлтийнхээ ядаж 50 хувийг нөхөж чадахгүй бол ирэх зургадугаар сард нөөцийн эгзэгтэй цэгт хүрэх эрсдэлтэй байна. Хэдийгээр АНУ болон Нигериэс орлуулах нийлүүлэлт татаж байгаа ч энэ нь алдагдсан хэмжээний дөнгөж тал гаруй хувийг л нөхөх төлөвтэй байна.
Уг хямрал нь зөвхөн нисэхийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхий даяар шатахуун, байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнийг өсгөх хандлагатай байна. Фатих Биролын онцолсноор, үнийн өсөлтийн хүнд ачаа Европ болон Америк тивд мэдрэгдэхээс өмнө Пакистан, Бангладеш, Энэтхэг зэрэг Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад хамгийн түрүүнд хүндээр тусах юм. Мөн Иран улс зарим усан онгоцыг зөвхөн төлбөр төлсөн тохиолдолд хоолойгоор нэвтрүүлдэг "төлбөртэй цэг"-ийн систем нэвтрүүлснийг тэрээр хатуу шүүмжилж, үүнийг байнгын үзэгдэл болгохгүй байхыг анхааруулав.
Ойрын хугацаанд энхийн гэрээ байгуулагдаж, Ормузын хоолой дахин нээгдсэн ч түлшний бодит хомстол зуны аялал жуулчлалын оргил үеийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийн эрчим хүч болон нисэхийн зах зээл дайны өмнөх хэвийн байдалдаа эргэн ороход хоёр жил хүртэлх хугацаа шаардагдах магадлалтай бөгөөд энэ нь олон улсын эдийн засагт урт хугацааны сорилт дагуулсаар байх болно.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.