Манай бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа

2026 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотноо эхэллээ. 

02270ea5076c4bceab63651540a8e0a4

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 200 орчим жүдочид Ордос хотноо хуран цуглаад байгаа ба манай улсаас Монгол Улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр ес буюу нийт 18 тамирчны өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Монголын баг бүрэлдэхүүнийг энэ оны эхэнд Хэнтий аймагт зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээний дүнг үндэслэн бүрдүүлсэн байна.

Тэмцээн нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд эхний гурван өдөр жин тус бүрийн аваргууд тодорч, сүүлийн өдөр багийн тэмцээн болно. 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр /дөрөвдүгээр сарын 16-ны өдөр/ эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингийн барилдаанууд тус тус явагдаж байна. Энэ өдөр манай улсаас барилдсан бөхчүүдээс -60кг жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө, -48кг жинд ОУХМ Ж.Анударь, -52кг жинд ОУХМ М.Нандин-Эрдэнэ нар алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Харин АНЭУ-ын нэр дээрээс хүч үзэж буй Б..Хорлоодой өөрийн үндсэн жин болох -52кг жингийн хүрэл медалийн төлөө барилдахаар тунан үлдээд байна. 

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт явагдах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.