Залуучууд цалин хөлснөөс илүү сэтгэл зүйн хувьд эрүүл, эерэг ажлын байрыг хүсэж байна

Залуучууд цалин хөлснөөс  илүү сэтгэл зүйн хувьд эрүүл, эерэг ажлын байрыг хүсэж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд "Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт" нэгдсэн форумыг зохион байгууллаа. Манай улсын хүн амд хүүхэд, залуучуудын эзлэх хувь өндөр байгаа ч залуучуудын дунд ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдал мөн өндөр байгаа юм. 

9297618270124b4588a4d0b937e1cdfd
Залуучууд ажил амьдралын гараа, карьерийн хөгжил, төлөвлөлтөд хэрхэн бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах, нөөц боломжийг хэрхэн зөв удирдаж, ашиглах талаар харилцан мэдээлэл солилцсон “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөгийг үндэсний томоохон их дээд сургуулиудтай хамтран зохион байгууллаа.

Залуучууд цалин хөлснөөс илүүтэй ажлын байрны уян хатан байдал, зайнаас ажиллах боломж, ажил-амьдралын тэнцвэрт байдал, сэтгэл зүйн хувьд эрүүл, эерэг ажлын соёл, орчин болон тасралтгүй сурч боловсорч, хөгжих боломжийг нэн тэргүүнд тавьдаг болсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучуудад сургуулиа төгсөөд ажилд ороход тулгардаг "туршлагагүй" гэх саадыг давахад тусалж, харилцааны соёл, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх зэрэг зөөлөн ур чадварыг олгох сургалтуудыг зохион байгуулах юм. Шинэ санаа, инновацыг бизнес болгоход санхүүгийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дэмжих зэрэг олон арга хэмжээг тусгасан юм.

Нэгдсэн форум өдөрлөгийн хүрээнд “Цахим шилжилт ба ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийн уялдааг хангах нь”, “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн “Хиймэл оюун ба ажлын байрны сорилт”, “Хиймэл оюун ба боломж”, “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” сэдвээр залуучуудад сонирхолтой мэдээллийг хүргэж, ур чадвараа хэрхэн таних, ахиулах, хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд хэрхэн үр дүнтэй ажиллах талаар зөвлөсөн “Pecha kucha /товч илтгэл/”-үүд танилцуулсан юм. 
1297bb4e468a40ffae323d1c71081973

123ae21de3654c588207df28ec213961
Технологи, хиймэл оюун ухаантай өрсөлдөж биш, харин технологи, хиймэл оюун ухааныг ашиглаж ажилтай, орлоготой, ажил бүр нь үнэ цэнтэй байх нь чухал болохыг форумын илтгэгчид онцолж байна. Арга хэмжээнд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУУИС-ын 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.