🔴С.Батбаатар: Стандарт хэмжил зүйн газар 24 цагийн турш иргэд, олон нийтэд нээлттэй байж, үйлчилгээ үзүүлж байна

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Замын-Үүд чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Цагааннуур чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс зэрэг байгууллагууд  үйл ажиллагаагаа танилцуулж байна. Стандарт, хэмжил зүйн газрын дарга  С.Батбаатар энэ үеэр байгууллагынхаа үйл ажиллагаа, цахимжилтын шилжилтийн талаар мэдээлэл өглөө.

Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: 

-Өнөөдрийн арга хэмжээгээр хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах, хэмжих хэрэгслийн талаар иргэдэд танилцуулж байна. Мөн бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, тохирлын гэрчилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулж байна. Үүнээс гадна сорилт, туршилтын лабораториуд болон Сорьцын хяналтын газрын мэргэжилтнүүд өөрсдийн чиг үүргийн дагуу олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

СХЗГ-ын хувьд 2024-2025 онд цахимжилтын ажлыг нэлээд эрчимжүүлсэн. Энэ хүрээнд "estandard.gov.mn" цахим систем болон гар утасны аппликэйшнийг нэвтрүүлсэн байна. Өмнө нь буюу 2024 оноос өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс эсвэл төв байранд биечлэн очиж, стандартыг цаасаар хэвлүүлж авдаг байсан. Тэгвэл одоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран дурын стандартаа цахимаар шууд үзэх боломжтой болсон бөгөөд олон улсын стандартын зорилго, оршил зэрэг мэдээллийн 30 хувийг нээлттэй харах нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт болон бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Ингэснээр Монгол Улсын өнцөг булан бүрээс хэзээ ч хамаагүй хүсэлтээ илгээх боломжтой болсон юм.

Манай байгууллага зөвхөн нээлттэй хаалганы өдрөөр бус, цахим шилжилтийн үр дүнд 24 цагийн турш иргэд, олон нийтэд нээлттэй байж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашид бид үйл ажиллагаагаа хиймэл оюун ухаантай (AI) холбох, бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ бүрэн цахимжуулах чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.