З.Энхболд: Намайг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэж оролдсон ч шүүхийн хаалга давсангүй

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг цагаатгаж, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцжээ.
Тамгын газрын дарга асан З.Энхболд:
-Би хоёр жил гаруй хугацаанд шалгагдсаны эцэст цагаадлаа. "Зөвхөн гэрчийн мэдүүлгээр бусдыг яллаж болохгүй. Прокурор хариуцлаггүй байна. Энэ алдааг шүүх засах байх" гэж шүүх дээр хэлсэн. Шүүх зөв шийдвэр гаргаж байна. Угаасаа 1937 онд хоёр хүн бариад, нэгээр нь нөгөөг нь японы тагнуул гэж хэлүүлээд буудаад байсан тэр сургамжаас хойш нэг хүний мэдүүлгээр нөгөөг нь ялладаг байдлыг болиулчихсан.
1992 оны Үндсэн хуулиас хойш бүр нарийн тодорхой болсон. Прокуроруудын арга ядсан байдал нь шүүхийн хаалга давж чадахгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

"Эрдэнэс Тавантолгой" компанийг хувьчлалгүй, Монгол Улсын иргэддээ, Засгийн газарт авч үлдсэний төлөө бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад намайг шүүхээр оруулж байна шүү дээ.
Прокурорууд ялласан үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Тэдэнд баримт байгаагүй. Зөвхөн улстөрийн захиалгаар яллах гэж оролдсон. Нүүрсний хэрэг гээд 17 хүний нэрийг зарлаж байсан. Тэднээс зөвхөн намайг улс төрийн зорилгоор холбогдуулах гэж оролдлоо гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.