СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2024-11-13

75 настай иргэн М.Налжирмаа: Биеийн тамир гэдэг утгаар Солонгос явж ажил хийдэг

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Өдгөө 75 настай жолооч мэргэжилтэй М.Налжирмаатай ярилцлаа. Тэрбээр 1973 оноос шуудангийн хоёрдугаар баазад жолоочоор ажилд орж, 50 насандаа тэтгэвэртээ гарчээ. Тэтгэвэрт гарсан цагаас хойш өдийг хүртэл 20 гаран жил БНСУ-ыг зорьж ажил хийж байгаа юм. Одоо 75 настай ч Солонгос явж ажиллах нь түүний хувд биеийн тамир болдог. “Сөхрөөд уначхаагүй л бол хүн ажил хөдөлмөр хийж л байх хэрэгтэй. Ажил хийж байгаа хүний бүх булчин хөдөлж эрүүл байхын үндэс болдог” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэе.

Нэвтрүүлэг үзэх бол энд дарна уу 

Иргэн М.Налжирмаа:

-Би ааваараа Төв аймгийн Өнжүүл сумын харьяат хүн. Өөрөө бол Улаанбаатар хотод төрсөн. Би хоёр хүү, таван охинтой. Хамгийн том маань 56, бага маань 34 настай. Ач нар бол ер нь 20 гарсан. Таван зээнцэртэй.

Би жолооч хүн. Өнөөдрийг хүртэл 51 дэх жилдээ машинаа бариад явж л байна. Дээр үеийн ГАЗ-69-өөс эхлээд барьсан даа. АБ-69 гэж байлаа л даа. Одоо ч сэг нь ч харагддаггүй юм байна лээ. Тал талд ертөнцийн найман зүгт шуудан тараадаг ажилтай байсан юм. Шуудангийн хоёрдугаар баазад 1973 онд ороод, насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ёстой өдөржин, шөнөжин ажил хийсэн хүний чинь ганц чадахгүй юм зүгээр суух юм байна лээ. Тэгээд л 50 наснаас хойш 20 гаран жил Солонгос руу явж байна. Дээр үед мульт виз гэж юм байхгүй байсан.

-Та БНСУ-д очоод ямар ямар ажил хийв?

Өө долоон шид. Ёстой хийгээгүй ажил байхгүй. Ноднин бол шигданд (хоолны газар) үг сүггүй ажилласан. Шигданд баргийн хүн ажилладаггүй юм аа. Манай монголчууд зугтаачихдаг юм. Модны үйлдвэрт ажиллаж байсан. Манайхаар бол цахилгаан харуул. Тэгээд л модыг чинь өөгүй сайхан харуулдана. Хурдан түргэн ажиллана. Цаг мундаг барьж сурна. Минут бүр мөнгөөр хэмжигддэг. Одоо би нэг хавар л явна даа. Цагаан сарын дараа явна. Энд чинь цагаан сараар байхгүй бол болохгүй. Ах дүү дотроо хамгийн хөгшин нь.

Ер нь болж өгвөл “Би тэд хүрчихлээ” гээд суухдаа гол нь биш. Миний ёстой ганц уриа тэр. . Таван төгрөг олоод ирэхэд зунжингаа сайхан өөрийгөө баясгаад. Намар нь явбал өвөл нь цагаан сард хэрэгтэй. Хүүхдүүд бүх юм бэлдээд өгчихнө л дөө. Тэгээд л хүүхдүүддээ гоё бэлэг авч өгөхийг л бодно шүү дээ. Манай хүүхдүүд бол хэлдэг юм аа. “Ээж минь та яамаар байна. Түүгээрээ л өөрийнхөө сэтгэлээр бол. Хамгийн гол нь таны хүсэл, таны мөрөөдөл” гэдэг.

. Сэтгэлээр унаад л байвал бүх юмаараа хөгшрөөд л байна. Би хөгшин хүн гээд хөгшин хүний хувцас өмсөөд байх нь гол нь биш. Дэлгүүрт орохоор “Энэ хөгшин хүний хувцас. Эгчээ та хар даа, энэ яг таньд таарна” гэдэг. Тэгэхээр их муухай соёлгүй санагддаг. Би асуугаагүй зүгээр л харж байна шүү дээ. Хүн өөрийгөө сайхан аваад явах хэрэгтэй. Өөрөөсөө харамлаж болохгүй. Идэх хоолноосоо илүү гоо сайхныхаа хэрэглээг зөв сонгох нь зөв.

Залуу насандаа би их л зовлон үзсэн. Тэр үедээ хэцүү байсан ч “хэцүү байна” гэж дуугараагүй. Ээж, аав, ах, дүүдээ зовж байна гэж нэг ч хэлээгүй. Би 30 насандаа хань ижлээсээ салсан юм. Манай нөхөр нас барж, би олон хүүхэдтэй өнчин хоцорч байсан. Тэгээд л хүн чинь нүдээ аниад л хүүхдүүдийнхээ төлөө явдаг юм. Одоо ханьтайгаа эгч нь сүүлд суусан. Залуу насандаа ер хүнтэй суугаагүй. . Харин ч сайшаадаг байсан.

Манай нэг өвгөн жолооч “Хүүе чи одоо баярлаж байгаа нь ч мэдэгдэхгүй. Гуньж, гутарч байгаа нь ч мэдэгдэхгүй хаашаа хүн бэ” гэж надаас асууж байсан шүү.

Хүний л жам, төөргөөр явсан. Гэхдээ би өнөөдөр давсан л гэж боддог. Надад одоо гуньж гутрах юм юу ч алга.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чад
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Жолооч.хүн.эр.эмгү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.