БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө
Энэ нь түүний сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АНУ-д хийсэн анхны төрийн айлчлал байв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, ёслол төгөлдөр хүлээн авлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн айлчлалын үеэр хэд хэдэн удаа уулзаж, нисэх онгоцны буудлын ёслолын угталт, Цагаан ордны хүлээн авалт болон худалдаа, тариф, Тайвань зэрэг өргөн хүрээний асуудлаар хоёр талын хэлэлцээ хийжээ.
Мөн тэд Ши Жиньпиний хүндэтгэлд зориулсан төрийн оройн зоогт оролцож, цайны уулзалт хийж, Үндэсний архивт зочилсон байна.
Худалдааны асуудлаарх тохиролцоонууд:
-Ши Жиньпин болон түүний гэргий, Тэргүүн хатагтай Пэн Лиюань нар лхагва гарагт Вашингтонд ирсний дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Fox News-т ярилцлага өгөхдөө Бусаны худалдааны хэлэлцээрийг 11 пүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 10 хүртэл хоёр сараар сунгана гэж мэдэгдсэн.
Мөн хоёр тал Худалдааны зөвлөлийн механизмыг эцэслэн тохиролцож, тариф бууруулах хүрээнд тал бүрээс 30 тэрбум ам.долларын хэмжээнд хязгаарлагдах мэдрэмтгий бус салбар, бүтээгдэхүүнүүдийг зарлахаар болжээ.
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир баасан гарагт CNBC-д хэлэхдээ, Вашингтон болон Бээжин “удирдлагатай худалдаа” (managed trade)-ны тодорхой хэсэг дээр тохиролцсон бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг даваа гарагт нийтэлнэ гэж мэдэгдсэн байна.
Ши “стратегийн тогтвортой байдал”-ыг онцлов.
Айлчлалын үеэр Ши Жиньпин АНУ, Хятадын хооронд “стратегийн тогтвортой байдал” бүхий бүтээлч харилцааг бий болгохыг удаа дараа онцолсон.
Энэ ойлголтыг хоёр тал тавдугаар сард Бээжинд болсон өмнөх дээд хэмжээний уулзалтын үеэр ярьж эхэлсэн байна.
Баасан гарагт Цагаан ордны Улаан танхимд Трамптай хийсэн цайны уулзалтын үеэр Ши хоёр улсын харилцаа “харилцан хүндлэл, шударга байдал, харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан бүтээлч харилцаа” байх ёстой гэж хэлжээ.
Ши Тайванийн асуудлыг хөндөв.
Пүрэв гарагт болсон хоёр талын уулзалтын үеэр Ши Жиньпин Трампаас Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэхийг хүссэн байна.
Бээжингийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ши АНУ-ын тал “Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх зөв байр суурийг баримтална” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Цагаан ордон уг ярианы талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байна.
Ши Жиньпиний хүндэтгэлд зориулсан Цагаан ордны төрийн оройн зоогт нийт 134 зочин оролцжээ.
Хоёр улсын төрийн тэргүүнтэй хамт гол ширээнд Америкийн томоохон бизнесийн удирдагчид суусан бөгөөд тэдний дунд:
* Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск
* Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг
* AMD-ийн гүйцэтгэх захирал Лиза Су
* Apple-ийн ТУЗ-ийн дарга Тим Кук нар байв.
Дэлхийн II дайны үеийн холбоог дурдав.
Хоёр удирдагч Дэлхийн II дайны үеэр Японы түрэмгийллийн эсрэг АНУ, Хятадын хамтын тэмцлийг дурдан, хоёр орны харилцаа урт хугацааны түүхтэйг онцолжээ.
Тэд мөн хоёр улс нийтлэг ашиг сонирхол, нийтлэг ойлголтыг эрэлхийлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.