"Херо”-гийн Б.Баатарын Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

"Херо”-гийн Б.Баатарын Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйл буюу “Залилах”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ хүрээнд түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

Уг саналыг өнөөдөр шүүгч Б.Отгонцэцэг хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримт болон прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал, тайлбарыг үндэслэн Б.Баатарт есдүгээр сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, түүнд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заасан байдаг.

Б.Баатарыг “Гэрэгэ цамхаг”-ийн 15 дугаар давхрыг залилан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.