Дужуан хар салхины улмаас Японд дөрвөн хүн амь үрэгдэж их хэмжээний хохирол учирлаа
Япон улсын зүүн бүс нутаг болон Их Токиогийн бүсийг дайран өнгөрсөн “Дужуан” хар салхины улмаас хөрсний гулгалт үүсэж, үер буун наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, 22 хүн бэртэж гэмтсэн байна.
Тус улсад энэ онд нүүрлэсэн 25 дахь хар шуурга болох уг байгалийн гамшгийн үеэр нурангид дарагдсан зургаан иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн эх сурвалжууд амиа алдагсдын тоо зургаад хүрсэн байж болзошгүйг мэдээллээ.
Хүний амь нас хохирсон тохиолдлуудын гурав нь Чиба мужид бүртгэгдсэн хөрсний гулгалтын улмаас үүдэлтэй бол Канагава мужид 60 гаруй насны эмэгтэйн сууц шаварт дарагдсанаар амиа алджээ. Шуурганы голомтод салхины байнгын хурд цагт 126-144 километрт хүрч, зарим үед 180 км/цаг хүртэл ширүүссэн байна. Мягмар гаргийн байдлаар хар салхины төв Номхон далай руу шилжин холдсон хэдий ч 9-10 метрийн өндөр давлагаа үүсэж, хөрсний чийгшил дээд цэгтээ хүрсэн тул аюул бүрэн арилаагүй байгааг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.
Энэхүү байгалийн үзэгдэл нь хэд хэдэн бүс нутагт түүхэн дээд хэмжээний хур тунадас дагууллаа. Тухайлбал, Ошима аралд 48 цагийн дотор 832 мм бороо орсон нь есдүгээр сарын сарын дунджаас хоёр дахин давсан төдийгүй 1991 оноос хойш хөтөлсөн цаг уурын ажиглалтын бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Түүнчлэн Чиба мужийн Ичихара хотод 24 цагийн дотор 392.5 мм, нийслэл Токио хотын Эдогава дүүрэгт 282.5 мм тунадас унажээ.
Хүчтэй аадар, салхины уршгаар Чиба болон Токио орчмын 45-50 мянган өрх гэрэл цахилгаангүй болж, 460 гаруй орон сууц усанд автан сүйдсэн байна. Гамшгийн оргил үед зургаан мужийн 1.6-1.9 сая оршин суугчийг аюулгүйн хоргодох байранд шилжихийг уриалжээ.
Үүний зэрэгцээ Токиогийн Ханэда, Нарита нисэх буудлуудад 500 орчим нислэг, тэр дундаа “All Nippon Airways” компанийн 140, “Japan Airlines” компанийн 135 нислэг цуцлагдаж, Токио-Осака чиглэлийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн түр зогсоход хүрсэн юм.
Цаг агаарын онц ноцтой нөхцөл байдлын улмаас Азийн тоглоомын хүрээний зарим үйл ажиллагаа тасалдаж, Азийн хамгийн том цахим тоглоомын үзэсгэлэн болох “Tokyo Game Show” товлосон хугацаанаасаа өмнө хаалгаа барьсан бол “Rock in Japan” хөгжмийн наадмын даваа гаргийн хөтөлбөрүүд цуцлагджээ. Ерөнхий сайд Санаэ Такаичи амиа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гамшгийн хор уршгийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгоод, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотыг зорьсон байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.