🔴Г.Тэмүүлэн: Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан шалгана

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тангараг өргөснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: 

- Авлига нь Монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 5.5 хувиар өссөн төдийгүй манай улсын авлигын индекс ухарч, 180 гаруй орноос 124 дүгээрт эрэмбэлэгдлээ. Энэ нь зөвхөн хэрэг шийдвэрлэлтийн асуудал бус, төрийн байгууллагын ил тод байдал, олон нийтийн оролцоо, дотоод хяналттай шууд холбоотой.

Мөн хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, төсөв санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Авлигыг бууруулах гол гарц нь нээлттэй байдал бөгөөд улс төрийн намуудын санхүүжилт, төрийн өмчит компаниудын тендер, томилгоо зэргийг улс төрөөс ангид, ил тод, мерит зарчимд тулгуурлан явуулах ёстой.

Ажлаа албан ёсоор хүлээж авсны дараа нийгэмд бухимдал үүсгээд буй хууль сахиулах байгууллагуудын нэр хүнд, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан шалгана. Асуудлыг үнэн мөнөөр нь, түргэн шуурхай шийдвэрлэх зарчим баримтална. Хууль сахиулах байгууллагууд бол үндэсний аюулгүй байдлыг сахиулах тусгай чиг үүрэгтэй тул улс төрөөс ангид, бие даасан байх ёстой. Мөн томилгоог чадахуйн зарчимд тулгуурлан хийнэ гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.