Бангкок хотын 50 дүүргийг үерийн гамшгийн бүсээр зарлалаа
Тайландын нийслэл Бангкок хотод 48 цаг тасралтгүй үргэлжлэн орсон ширүүн аадар борооны улмаас хотын захиргаанаас нийслэлийн нийт 50 дүүргийг бүхэлд нь үерийн гамшгийн бүсээр зарлалаа. Баасан гаргийн эхээр зөвхөн зүүн бүсийн гурван дүүрэгт хязгаарлагдаж байсан онцгой дэглэмийг бямба гаргийн өглөө Хотын захирагч Чадчарт Ситтипунт Гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах тухай хуулийн дагуу өргөтгөн, нийслэлийн хэмжээнд хүчин төгөлдөр болгосон байна.
Пүрэв гаргийн оройноос эхлэн орсон хур тунадасны нийт хэмжээ 300 миллиметрт хүрсэн бөгөөд энэ нь хотын нутаг дэвсгэрт 30 сая шоо метр ус буусантай тэнцэж байгаа юм. Их хэмжээний хур борооны улмаас нийслэлийн суваг шуудуу хальж, Петчабури зам болон Ратчатхевийн Мит Самфан уулзвар зэрэг томоохон замуудад ус өвдөгнөөс бүсэлхий хүртэл татан, автомашины хөдөлгөөн бүрэн саатжээ. Түүнчлэн үерийн улмаас орон нутгийн худалдаа үйлчилгээ, банкны салбарууд үүдээ барьж, оршин суугчдад зайлшгүй шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.
Бангкок хотын захиргаанаас үерийн усыг татахын тулд секундэд 1,200 шоо метр ус шахах дээд хүчин чадал бүхий насосуудыг ажиллуулан, нэг сая ширхэг элстэй шуудайг хамгаалалтад байршуулжээ. Захирагч Чадчарт Ситтипунт нөхцөл байдал тогтворжиж эхэлснийг мэдэгдээд, хэрэв дахин хүчтэй бороо орохгүй бол хуримтлагдсан усыг бүрэн зайлуулахад хоёроос гурван өдөр шаардагдахыг онцолсон байна. Нийслэлийн сургуулиудыг түр хорогдох байр болгон ашиглаж, 980 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсний зэрэгцээ тусгай багууд хэвтрийн өвчтөнүүд болон эмзэг бүлгийн иргэдийг аюулгүй газарт хүргэж байна.
Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд туслахаар Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Адул Бунтамчароен зэвсэгт хүчний 10 мянга гаруй цэргийн алба хаагч, 1,000 гаруй тусгай зориулалтын техникийг дайчлах шийдвэр гаргалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Анутин Чарнвиракул Их Британийн Лондон хотод хийж байсан албан ёсны айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусган, гамшигт өртсөн бүс нутгуудад биечлэн ажиллахаар яаралтай буцаж ирэхээр болжээ.
Цаг уурын газрын мэдээлснээр энэхүү аадар бороо нь Төвийн нам дор газрыг дайран өнгөрч буй нам даралтын систем болон Андаманы тэнгис, Тайландын буланд хүчээ авсан баруун өмнөд муссон салхитай харилцан үйлчилснээс үүдэлтэй аж. Нийслэл хотоос гадна тус улсын 20 гаруй мужид үерийн аюул нүүрлээд байгаа бөгөөд их хэмжээний хур тунадас цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлэн хангаж байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.