🔴"Хятад мисс Монгол Улсын нэр, төрийн далбааг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдвол хоёр улсын дипломат харилцааны шугамаар үе шаттай арга хэмжээ авна"
Тайланд улсад зохион байгуулагдаж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо сайхны тэмцээнд БНХАУ-ын иргэн, 24 настай загвар өмсөгч Амбер Юхан Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож буй асуудлаар ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг дараах тодруулгыг өглөө.
ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг:
-Олон улсын хэмжээнд гоо сайхны 20 орчим томоохон тэмцээн тогтмол зохион байгуулагддаг бөгөөд тэдгээрийг төрийн байгууллага бус, олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд хариуцан явуулдаг. Хэдийгээр төрийн байгууллагаас шууд зохион байгуулдаггүй ч улс орныхоо нэрийн өмнөөс оролцож буй тохиолдолд тухайн байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх үүрэгтэй.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох яамнаас Гадаад харилцааны яамны Консулын газар, Азийн газар болон Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд албан ёсоор хандаж, тодруулга авахаар ажиллаж байна.
Хэрэв тухайн иргэн Монгол Улсын нэр, төрийн далбааг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, Дипломат харилцааны тухай хууль болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хоёр улсын дипломат харилцааны шугамаар үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь хувь хүний бүтээлч авьяас, ур чадварыг дэмжих бодлого баримталдаг ч дэлхий даяар ТББ-уудын зохион байгуулж буй бүх тэмцээний мэдээллийг шууд хянах боломжгүй. Одоогоор "Miss Grand International Mongolia" албан ёсны лицензтэй холбоотой мэдээлэл яаманд бүртгэгдээгүй байна.
Хэрэв БНХАУ-ын иргэн Монгол Улсыг төлөөлөн зөвшөөрөлгүй оролцож байгаа нь нотлогдвол юун түрүүнд тухайн тэмцээнээс Монгол Улсын нэр, төрийн далбааг хасуулах, залруулга хийлгэх шаардлагыг Тайландын Хаант Улс дахь Элчин сайдын яам болон ГХЯ-ны Консулын газраар дамжуулан нэн яаралтай тавихаар хүсэлтээ хүргүүлээд байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.