🔴Д.Амарбаясгалан: Хууль зөрчсөн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴Д.Амарбаясгалан: Хууль зөрчсөн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан парламентыг тараах тухай яриа, төсвийн тодотгол тойрсон маргаан болон Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагын талаар мэдээлэл өглөө. Иргэд болон зарим гишүүдийн зүгээс парламентыг тараах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, тодорхой бүлгүүд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж буй талаар тэрбээр тайлбар өглөө

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: 

-Монгол Улсын парламентыг хугацаанаас нь өмнө тараахад Үндсэн хуулийн хоёр л арга зам байдаг. Нэг дэх арга зам нь парламентын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 84-өөс доошгүй гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Энэ боломж үндсэндээ байхгүй. Учир нь парламентын дийлэнх олонх нь үйл ажиллагаагаа шударга, хэвийн үргэлжлүүлж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Хоёр дахь нөхцөл нь Засгийн газар огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргадаг. МАН бол 2024 оны сонгуулиар 54 хувийн санал авч, төрийн эрхийг барьж буй нам. Хэрэв Засгийн газраа бүрдүүлж чадахгүй 30 хоног хүлээлгэн парламентыг тараах түвшинд хүргэвэл Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно. Хуульд төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан аливаа нам татан буугдах заалт бий тул энэ эрсдэл МАН дээр өөр дээр нь ирнэ. Тиймээс намын удирдлагууд үүнийг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. 

Өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газар багш, эмч нарын цалинг салгаж нэмээд бусад төрийн албан хаагчдыг орхигдуулсан нь төрийн сангийн байдлыг хүндрүүлж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Төсвийн тодотголыг дэмжихгүй бол төрийн сан хоосорч, улс дампуурах эрсдэлтэйг гишүүд бүгд ойлгож байгаа. Гэтэл харамсалтай нь салбарын сайд Л.Энх-Амгалан энэ нөхцөл байдлыг далимдуулан төсвийн тодотголд сургуулийн тоног төхөөрөмжийн зардал нэрээр 50 тэрбум төгрөгийг оруулж ирсэн. Гишүүд зардлын задаргааг шаардахад Боловсролын яамнаас Сангийн яамны албан тушаалтнаар дамжуулан Өргөдлийн байнгын хороонд эксел файл ирүүлсэн юм. Тэр жагсаалтад сонгон шалгаруулалтгүйгээр хувийн сургуулиудыг нэр заан оруулж, нэг хүүхдэд 5.5 сая төгрөг ногдохоор төсөвлөсөн байсан нь ил болсон. 

Энэ асуудлыг сөхөнгүүт салбарын Төрийн нарийн бичгийн дарга нь жагсаалтыг эхлээд уншиж танилцуулснаа дараа нь дарамтлуулсан уу, үгээ буцаасан. Түүний араас Л.Энх-Амгалан сайд гарч ирэн, хяналт тавьж үүргээ гүйцэтгэсэн УИХ-ын гишүүдийг есөн шидээр дуудаж, дарамталсан. Энэ бол парламентын хяналт тавих үндсэн эрхэд халдсан үйлдэл. Бидний хардаж байгаагаар, цалин тэтгэвэр нэмэх сайн нэрийн ард 50 тэрбумын төсвийн хулгай оруулж ирээд баригдсан тул түүнийгээ дарахын тулд зориудаар улс төржүүлж, гишүүдийг гүтгэж байна. 

Хэрэв тухайн эксел файл бодитой байсан бол худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн хөрөнгийг хууль бусаар хуваарилах гэж байсан нь нотлогдоно. Харин Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн хуурамч файл байсан бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д хуурамч мэдээлэл ирүүлж төөрөгдүүлсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Бид нэг шаардлагыг хатуу тавина. Хууль зөрчсөн үйлдлийг яамны мэргэжилтэн, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарт тохоод өнгөрөх боломжгүй. Улс төрийн албан тушаалтан улс төрийн хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. 

Ерөнхий сайдын зүгээс Л.Энх-Амгалан сайдад алдаагаа хүлээн зөвшөөрч, УИХ-ын гишүүдээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл уучлалт гуйхгүй гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой боллоо. Тийм учраас бид нэгдүгээрт, УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасалдуулахгүй, төрийн ажлыг хэвийн явуулна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг албан ёсоор тавина. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн УИХ-ын даргыг Нийгмийн бодлогын байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж, Ерөнхий сайдад албан шаардлагаа хүргүүлэх болно. 

Парламентын үйл ажиллагаа олон арга хэлбэртэй. Танхимдаа мэтгэлцээд олонхоороо шийдэх нэг хэлбэр байна. Намууд, бүлгүүд зөвшилцөж шийдэх зам бий. Харин олонхоор түрээ барьж, гаргасан алдаа дутагдлаа засахгүйгээр урагшлахыг оролдвол цөөнх бойкот хийж өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Энэ бол парламентын засаглалтай улс орнуудад нийтлэг тогтсон арга барил. Бид хэдий хугацаанд, ямар хэлбэрээр үүнийг үргэлжлүүлэхээ тухайн нөхцөл байдалдаа тохируулан ярилцана. Гэхдээ төрийн ажлыг гацаахгүйгээр чуулгандаа оролцоно. 

Ямар үндэслэлээр Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийг жагсаасан бэ, тэр файл нь үнэн үү, худал уу гэдгийг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хороон дээр шалгаж тогтоох ёстой. Энэ тухай О.Номинчимэг гишүүн ч зарласан. Ер нь Засгийн газрыг тогтворгүй байлгах сонирхол хэнд байна вэ? Л.Энх-Амгалан сайд болон зарим хүмүүс зориудаар тогтворгүй байдал үүсгээд, түүнийгээ намын доторх "30-ынхан Засгийн газрыг унагах гэж байна" гэж бидэнд хаяглан, нэр төрд халдаж байна. Булганд болсон уулзалтаар Засгийн газрыг огцруулах тухай нэг ч үг гараагүй. Тиймээс бид асуудалд ул суурьтай хандана. 

Монгол Улсад парламент нь Засгийн газраа хянаж, хариуцлага тооцож чаддаг байх уу, эсвэл Засгийн газар нь парламентынхаа дээр гараад доромжилж, дарамтлаад байдгийг тэвчих үү гэдэг зааг дээр бид байна. Сая УИХ-ын дарга ч худлаа мэдээлэл өгсөн албан хаагч хариуцлага хүлээнэ гэдгийг санууллаа. Тийм учраас хууль хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.