🔴Л.Оюун-Эрдэнэ: Үе үеийн Засгийн газартай давхцан, Засгийн газар шиг ажилладаг бүтэц бол ҮАБЗ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы ирц бүрдэж, шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудал хэлэлцэгдэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжиж буйгаа онцлов.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
- Хууль зүйн салбар нь онцгой ярвигтай бөгөөд Г.Тэмүүлэнг хуульч мэргэжилтэй биш учраас асуудлыг гаднаас нь, углуургаар нь харж, дүрэмд баригдахгүйгээр тогтолцооны томоохон реформ хийх боломжтой гэж үзэж байгаа.
Олон нийтийн дунд гэнэтийн баривчилгаа, хэрэг явдал гарахад Хууль зүйн сайд хийгээд байгаа мэт харагддаг ташаа ойлголт байдаг. Тухайлбал, С.Молор-Эрдэнийг баривчлахад С.Амарсайхан сайд, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал үүсэхэд Б.Энхбаяр сайд, 'Ноорог'-ийн О.Уламсайханы хэрэг дээр О.Алтангэрэл сайд үүрэг өгсөн мэтээр нийгэм хүлээж авдаг. Гэтэл бодит байдал дээр үүнийг Хууль зүйн сайд нь огт мэддэггүй. Сая С.Амарсайхан сайд буухдаа ч үүнийг мэдэрч, үгэндээ цухас дурдлаа. Олон жилийн өмнө Н.Энхбаяр даргыг баривчлахад Ц.Нямдорж сайд мэдээгүй байсан нь тухайн үедээ шүүмжлэл дагуулж байсан ч энэ нь далд тогтолцоотой холбоотой.
Энэхүү давхар, далд системийг би ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бүрэн ойлгосон. Үндэсний аюулгүй байдлын нэрийг барьж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчлах асуудал салбарын сайддаа мэдэгдэхгүйгээр явдаг. Үе үеийн Засгийн газартай давхцан, Засгийн газар шиг ажилладаг бүтэц бол ҮАБЗ юм.
Тэндээс 'Үндэсний аюулгүй байдал' гэсэн чиглэл өгөхөд Цагдаа, АТГ, Прокурор, Шүүхийн удирдлагууд ёслоод даалгаврыг биелүүлдэг. Н.Алтанхуяг даргын хэлдгээр энэ нь хуулийн мафи буюу 'оргил' болсон. Ерөнхий сайд нь гомдол яриад суудаг, баривчилгаа явагдаад байдаг ч Засгийн газарт үүнд нөлөөлөх бодит эрх мэдэл байдаггүй. Энэ тогтолцоог Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ж.Мөнхбаатар, С.Амарсайхан, Б.Энхбаяр нарын аль ч сайд сөрж чадаагүй. Ард түмэн Хууль зүйн сайдыг 'Шударга ёсны сайд' хэмээн харж их зүйл хүлээдэг ч салбарын сайдад гүйцэтгэх ажиллагааг удирдах эрх мэдэл байдаггүй нь Засгийн газрын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг гацаадаг гол хүчин зүйл гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.