“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэмжээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж байсан билээ.

Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, эдийн засгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийсээр удааширсан гэнэ. Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж анх шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Бидэнд олдсон мэдээллээр Г.Дугаржав болон тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэсүх нарт “Мандахгранд”, “Хулагухолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хатанзориг 40 000 ам.доллар буюу 135 сая төгрөгийн хахууль өгч, гэрээ байгуулсан хэмээн буруутгагдсан гэнэ. Уг хэрэгт 2024 оны өвөл яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш сураг тасраад байв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг шалгаж дууссан талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.