Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч үнийн зөрүү дээд түвшинд хүрлээ
Баасан гаргийн арилжаагаар олон улсын зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурч, өмнөх өдрүүдэд ажиглагдсан огцом хэлбэлзэл намжих төлөвтэй боллоо. Тухайлбал, олон улсын жишиг Брент маркийн газрын тосны үнэ 0.8-аас 1.4 хувиар хямдарч, нэг торх нь 105.11-ээс 105.73 ам.долларт хүрсэн бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн тос 1.65-аас 2.1 хувиар буурч, 92.61-ээс 93.05 ам.доллароор арилжаалагдлаа.
Үнийн бууралт нь өмнөх өдрийн хүчтэй өсөлтийн дараа бүртгэгдсэн юм. Пүрэв гаргийн арилжааны үеэр хоёр жишиг маркийн ханш тав хүртэлх хувиар өссөн билээ. Улмаар Брент марк пүрэв гаргийг 3.4 хувийн өсөлттэй буюу 106.60 ам.долларт хааж, есдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Харин WTI маркийн тосны үнэ зургаан өдөр дараалан нийт 13 хувиар унаад байсан цувралаа тасалж, 2.7 хувиар өсөн 94.61 ам.долларт хүрсэн түүхтэй. Долоо хоногийн нийт үзүүлэлтээр Брент 1.7-оос 2.09 хувиар чангарсан бол WTI эсрэгээрээ 6.42-оос 7.2 хувиар буурсан байна.
Үнийн хөдөлгөөний үр дүнд Брент болон WTI маркийн хоорондын зөрүү нэг торх тутамд 12.50-аас 12.68 ам.долларт хүрч өргөссөн нь өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар ийнхүү зөрүү тэлэхэд хоёр гол хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, АНУ дизель түлшний экспортод хориг тавьж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлд үүссэн бөгөөд энэ нь тус улсын дотоодод илүүдэл нийлүүлэлт бий болгож, WTI-ийн үнэд дарамт үзүүлж байна.
Хоёрдугаарт, Ойрх Дорнодын бүс нутаг дахь нийлүүлэлтийн сааталтай холбоотой геополитикийн эрсдэлийн шимтгэл өндөр хэвээр байгаа нь Брент маркийн үнийг дэмжиж байна. Олон улсын түвшинд эрчим хүчний тээвэрлэлт, нийлүүлэлтийн тогтвортой байдал бүрэн хангагдаагүй байгаагаас шалтгаалан зах зээлд эрсдэл өндөр хэвээр үлдлээ.
Цаашид АНУ-ын түлшний экспортын бодлогын шийдвэр болон түүхий эдийн тээвэрлэлтийн нөхцөл байдал газрын тосны үнийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Шинжээчид нийлүүлэлт болон эрэлтийн хүчин зүйлсийн зөрүү ойрын хугацаанд үнийн савалгааг үргэлжлүүлж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж:
• wkzo.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.