СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” арга хэмжээ эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

“Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” уламжлалт арга хэмжээ Улаанбаатар хотноо болж байна.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэхүү арга хэмжээ болж буйгаараа ач холбогдолтой юм.     

Эдгээр арга хэмжээг угтуулан тус нийгэмлэгээс 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын ГХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ ба “Нэг бүс нэг зам” судалгааны төвтэй хамтран “БНХАУ-ын Ногоон хөгжлийн ололт ба Монголын боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм.

Мөн “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног”-ийн болон “БНХАУ-ын ТӨЗО-ны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд 9 дүгээр сарын 23-нд хийнэ. Энэ удаа БНХАУ-ын Т Ө З О-ны хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож буй нь уг арга хэмжээний агуулга, хүрээг өргөтгөж байгаа юм.

Түүнчлэн 9 дүгээр сарын 24-нд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюаний “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд, мөн зохиолчийн уншигчид, оюутан залууст зориулсан лекц, уулзалт 9 дүгээр сарын 26-нд МУИС-д тус тус зохион байгуулагдана.

Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног” нь найрамдалт хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбар, орон нутгийн харилцаа хийгээд ардын дипломатын үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмний хоорондын харилцан танин мэдэхүй, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Монгол, Хятадын найрамдлын элчээр Мазаалай, Панда хоёрыг анх 2022 онд өргөмжилснөөс хойш эдгээр ховордсон амьд байгалийн өвийг жил бүр тэмдэглэх найрамдлын өдрүүдийн бэлэгдэл болгосон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.