Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан.
УИХ-ын ээлжит сонгуульд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталсан.
Гэвч “Corporate” зочид буудлын хурлын танхимд болсон тус хурлын шийдвэрийг эсэргүүцэж буй гишүүд олон байгаа ажээ. Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ 400 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний олонх нь буюу ҮБХ-ны 240 гишүүн намаа шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг намын дүрмээ зөрчиж квот өгсөн гэж буруутгаж буй аж.
АН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд ихээхэн гомдолтой байгаа аж. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хувьд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намын жагсаалтад орох хүсэлтээ намын удирдлагадаа тавьсан ч түүнийг УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшүүлэхээр болсонд өөрөө эрс эсэргүүцсэн юм. Намаас гарч буйгаа ч мэдэгдээд авсан. Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уянга Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан ч түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэрийг дэвшүүлсэнд мөн л санал нийлэхгүй байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.