Ц.Оюунгэрэл: Ц.Элбэгдорж маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн 15 хүнийг УДШ-ийн шүүгчээр томилсон
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тус албан тушаалд ажиллах хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүгчээр томилсон талаар ам нээлээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн туслах, зөвлөхөөр олон жил ажиллаж байсан нэгэн юм.
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл:
-Хэрэгт холбогдсон, бүр онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон 15 шүүгч байдаг юм байна. 23 шүүгчийн /Улсын дээд шүүх/ 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, нийт шүүгчийн 63 хувь нь гэмт хэрэгт нэр холбогдсон байна. Холбогдсон гэмт хэрэг нь маш ноцтой. Жишээлбэл, найман шүүгч нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байсан байгаа юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт долоон шүүгч холбогдож байсан. Захиалгаар хэрэг шүүдэг, Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан хэрэгт холбогдсон, газрын наймаанд холбогдсон шүүгч нар байдаг. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл ёс зүй талаасаа иргэдийн итгэлийг даах боломжгүй хүмүүс шүүгчээр томилогдсон байна.
Энэ хүмүүсийг хэн томилоод байдаг юм бэ гээд харсан чинь би маш олон жил зөвлөх, туслахаар нь ажиллаж байсан нэг хүнийг нэрлэхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл Цахиагийн Элбэгдорж гэдэг хүний үед энэ шүүгч нарын 17 нь томилогджээ. Нийт дээд шүүхийн 70 хувь нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед томилогджээ. Яагаад ийм асуудалтай хүмүүсийг томилоод байдгийг үнэхээр ойлгохгүй байна.
Цаазын ялыг устгая, иргэний танхимыг байгуулъя гээд хүний эрхийн гоё ажлуудаа би энэ тэр зөвлөх нь байхад хийгээд, хүний эрхийг дэмждэг ерөнхийлөгч байсан. Гэтэл нөгөө талдаа эргээд харсан чинь жинхэнэ утгаараа гэмт хэргийн бирж ажиллуулах хүчин чадлыг бий болгосон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сонин, асуудалтай хүмүүсийг томилоод, тэд Монгол Улсын шударга ёсны оргилд очоод суучихсан. Энэ нь хэнд хэрэгтэй юм бэ гээд харахаар аягүй гайхалтай дүр зураг харагдаж байна аа. Монгол Улсад шийдэгдэж байгаа хэргүүдийн хамгийн сүүлийн маргаан Дээд шүүх дээр ирдэг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгч нар хэчнээн шударга шүүсэн байлаа ч Дээд шүүхийн шүүгч нар эцэслэн шийддэг учраас захиалгаар шүүх хамгийн магадлалтай эцсийн цэг болчихоод байгаа юм. Тиймээс үе үеийн ерөнхийлөгч нар хурууны үзүүрээр хөдлөх, хэрэг захиалахад амархан хүмүүсийг бүрдүүлээд байгаа юм биш үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.