- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Иргэн бүр өнгөрсөн өдрүүдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа хүртлээ. Тус компани иргэн бүрт хувьцааны ногдол ашиг тараах хүртлээ ашигтай ажиллаж, монголын ард түмэнд үр өгөөжөө өгч буй энэ үед Тавантолгой ордыг 2015 онд төрд үлдээсэн үйл явдлыг санах учиртай хэмээн үзэх хүмүүс байна.
Тавантолгой ордыг 2015 онд БНХАУ-ын “Шинхуа” групп, “Энержи ресурс” компанийн хамтарсан консорциумд “бэлэглэсэн” бол өнөөдөр монголын ард түмэн хувьцааны ногдол ашиг хүртэхгүй байсан аж. Дээрх консорциумд шилжүүлсэн нөхцөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК зөвхөн борлуулалтын орлогын хоёр хувийг авахаар гэрээнд тусгаад байсан билээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 2.6 их наяд төгрөгийн борлуулалттай ажиллаж, улсад 370 тэрбум төгрөгийн орлогын албан татвар төлөөд, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байв. Дээрх дүнгээс тооцож үзвэл, 2019 оны борлуулалт болох 2.6 их наядын хоёр хувь буюу 52 тэрбум төгрөг л Монголын төрд ирэх байсан аж.
Өнөөдрийн цэвэр ашигтай харьцуулбал, 948 тэрбум төгрөгийг Монголын ард түмэн биш “Шинхуа” групп болон “Энержи ресурс” компанийн консорциум авах байв. Хэрэв жил бүр ийм борлуулалт, ашигтай ажиллана гэж тооцвол гэрээний 30 жилд 30 их наяд төгрөгийн ашигтай ажиллах ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК зөвхөн 1.5 их наяд төгрөгтэй, харин “Шинхуа” групп, “Энержи ресурс” компанийн консорциум 28.5 их наядын ашигтай ажиллана гэсэн үг. Тэгвэл 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн зогсоосноор өнөөдөр бид баялгийн үр шимээ хүртэж эхлээд байна.
УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаад дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулж байв.
Дүгнэлтэд “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна” гэж байв.
Иймд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар УИХ-аас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, УИХ-ын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд үзэж “Тавантолгойн ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байв.
Ингэснээр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, УИХ-ын нэр бүхий 40 гишүүн Тавантолгойн ордыг төрийн мэдэлд үлдээж чадсан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.