Мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг шүүхэд шилжүүлэв
Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс олон тооны мал хулгайлч, малчдад их хэмжээний хохирол учруулсан бүлэг хүнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Архангай аймгийн прокурорын газраас П.Т нарын 27 хүнд мал, эд хөрөнгө хулгайлсан, залилсан, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, мөнгө угаасан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Уг 27 хүний 14 нь ял шийтгэл эдэлж байсан аж.
Хэргийн холбогдогч нар 2014-2026 онд дээрх аймгийн нутаг дэвсгэрээс 334 толгой мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ. Мөн айлын гэр, сууц руу нэвтрэн алт, мөнгөн эдлэл, амархан борлогдох эд зүйлийг хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулан, энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгосон хэмээн буруутгагдаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн эл хэргийг өдгөө тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хянаж буй юм. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.