5.4 сая ам.долларын орлого олсон контент бүтээгч нэг жилийн хорих ял авав
"OnlyFans" платформ дээр Натали Монро нэрээр олонд танигдсан контент бүтээгч Кайли Перез их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр АНУ-ын Флорида мужийн Тампа хотын холбооны шүүхээс нэг жилийн хорих ял сонслоо.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийгмийн сүлжээнд 2.6 сая гаруй дагагчтай Кайли Перез нийт 5.4 сая ам.долларын орлого олсон нь тогтоогдсон байна. Түүний орлогын дийлэнх хэсэг насанд хүрэгчдэд зориулсан цахим контентоос бүрдсэн боловч тэрээр 2020-2023 оны хооронд нийт 1.5 сая ам.долларын татварыг холбогдох байгууллагаас нуун дарагдуулжээ.
Хуулийн байгууллагын шалгалтаар түүний татвартай холбоотой зөрчил өмнө нь ч давтагдаж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Перез 2019 онд татварын хуурамч тайлан мэдүүлж байсан нь баримтаар нотлогдсон бөгөөд тэрээр өнгөрсөн тавдугаар сард шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн аж.

Тампа хотын холбооны шүүх наймдугаар сарын сүүлээр шийдвэрээ гаргаж, түүнд холбооны шоронд нэг жил хорих ял оноосноос гадна ялаа эдэлж дууссаны дараа дахин нэг жил хяналтад байлгахаар заажээ.
Уг хэргийг хариуцсан мөрдөгч Рон Локер шүүхийн шийдвэрийн дараа "Татварын хууль ёсны үүргээ биелүүлэхийн оронд тансаг амьдралыг сонгосон тохиолдолд үр дагавар, хариуцлага зайлшгүй ирдэг" хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.