Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 860 мянган төгрөг ногдох тооцоо гарчээ
Оюутолгойн ногдол ашгаас улсын төсөвт нийт 3 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоолол хийгдсэнтэй холбогдуулан нэг иргэнд дунджаар 860 орчим мянган төгрөг ногдох урьдчилсан тоо гарсан ч үүнийг бэлнээр шууд тараах эцсийн шийдвэр гараагүй байна.
Төсвийн төсөл болон холбогдох тооцоололд тусгаснаар төвлөрөх 3 их наяд төгрөгийг нийт хүн амд тэнцүү хуваарилан тооцвол нэг хүнд ойролцоогоор 860 орчим мянган төгрөг ногдохоор байна. Үүнийг өрхөөр баримжаалж үзвэл таван ам бүлтэй нэг гэр бүлд дунджаар 4.3 сая төгрөг ногдох харьцуулалт гарч байгаа юм. Гэвч энэ тоо нь зөвхөн ногдол ашгийн нийт дүнг хүн амын тоонд хуваан харуулсан үзүүлэлт бөгөөд иргэдийн гар дээр бэлэн мөнгө болгон олгохоор тогтсон асуудал хараахан биш ажээ.
Улсын төсвийн төсөл болон Үндэсний баялгийн сангийн бодлогын хүрээнд дээрх 3 их наяд төгрөгийг тодорхой зориулалтаар хуваарилахаар төлөвлөжээ. Нийт хөрөнгийн 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх зорилт тавьсан байна. Харин үлдсэн 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болон суурь дэд бүтцийг хөгжүүлэх, тэр дундаа түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан байна.
Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн санал асуулгаас үзэхэд иргэдийн зүгээс баялгийн ногдол ашгийг бүтээн байгуулалт нэрээр төсвөөр дамжуулах бус, хувийн дансанд бэлнээр авч өр зээлээ дарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Түүнчлэн хууль тогтоох байгууллагын зарим төлөөлөл ногдол ашгийг бэлнээр олгох, эсвэл өөр зориулалтаар зарцуулахаар бол хувь нийлүүлэгчийн зээлийг хаахад чиглүүлэх нь зүйтэй гэсэн хувилбаруудыг дэвшүүлж байгаа юм.
Ийнхүү төсвийн орлогод төвлөрүүлэхээр зорьж буй 3 их наяд төгрөгийн хуваарилалт нь хуримтлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон иргэдийн хүлээлтийн заагт өрнөж буй сэдэв болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.