“Оюу толгой” ХХК-ийн зардал 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдлээ
Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг дорвитой бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, баталгаажууллаа. Ингэснээр 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны томоохон өөрчлөлт оруулах нөхцөл бүрдлээ.
Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн гарын үсэг зурж, эцэслэн байгуулав.
Хэлэлцээг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, хэлэлцээ үр дүнд хүрэхэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, Рио Тинто групп, “Оюу толгой” ХХК хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.