Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хотын захирагч асан гурван сар хоригдоод суллагджээ
АНУ-ын Луизиана мужийн Де-Риддер хотын дарга асан Мисти Робертс 16 настай өсвөр насны хүүгийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ердөө 90 хоног буюу гурван сар хоригдох ял эдлээд суллагдсан нь тус улсын олон нийт болон хүний эрхийн байгууллагуудын хүчтэй шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулаад байна.
Хэрэг явдал анх 2024 оны долоодугаар сард гарсан бөгөөд Мисти Робертс өөрийн гэртээ үдэшлэг зохион байгуулах үеэрээ төрсөн хүүгийнхээ 16 настай найзыг хүчирхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон юм. Үүний дараа 2024 оны наймдугаар сард түүнд эрүүгийн хэрэг үүсгэн албан ёсоор ял тулгасны дараа тэрбээр хотын даргын албан тушаалаасаа огцорчээ.
Уг хэргийг 2026 оны гуравдугаар сард тангарагтны шүүх хэлэлцэж, насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн хүнд гэмт хэрэгт Робертсийг гэм буруутайд тооцсон байна.
Хуулийн дагуу түүнд 17 хүртэлх жилийн хорих ял оноох боломжтой байсан ч тус оны зургаадугаар сард шүүгч Кент Савуа түүнд ердөө 90 хоног хорих, 5000 ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлд бүртгүүлэх, сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах, хориотой бодисын шинжилгээ өгөх зэрэг нөхцөлтэй тэнсэн харгалзах ял оноосон нь урьд хожид байгаагүй хөнгөн шийтгэлд тооцогдов.
Шүүх хурлын дараа шүүгч Савуа шийдвэр гаргахдаа алдаа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр тангарагтны шүүхээр орсон хэрэгт ял оноохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ялаа бууруулсан тохиолдлуудын жишгийг буруу баримталснаа тайлбарласан байна. Гэсэн хэдий ч яллах талын гаргасан ялыг чангатгах, хугацааг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж, өмнөх зөөлөн шийдвэрээ хэвээр үлдээсэн билээ.
Ийнхүү гурван сарын ялаа бүрэн эдэлсэн Мисти Робертс есдүгээр сарын эхээр шоронгоос суллагджээ. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн албан тушаалтан асан этгээдэд ийм хөнгөн ял ногдуулж, богино хугацаанд сулласан явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй насанд хүрээгүй хохирогчийн эрхийг зөрчсөн хэт хөнгөн хандлага боллоо хэмээн иргэд, олон нийтийн зүтгэлтнүүд эрс буруушаасаар байна.
Эх сурвалж:
• 360.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.