Баавгай бугуйлдаж хүлсэн эр: Доголон морийг маань тойроод л байхаар нь аюулгүй болгож хүлээд, хонины гэдэс өгч идүүлсэн

Баавгай бугуйлдаж хүлсэн эр: Доголон морийг маань тойроод л байхаар нь аюулгүй болгож хүлээд, хонины гэдэс өгч идүүлсэн

Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Ц.Мягмарсүрэн мал руу нь дайрсан баавгайг бугуйлдаж хүлээд, аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл цацагдсан билээ. Иргэдийн дунд түүнийг “Баавгай хүлсэн анхны эр” хэмээн ярилцаж, энэ явдлын талаар багагүй сонирхжээ

Бид малчин Ц.Мягмарсүрэнтэй холбогдож, болсон үйл явдлын талаар тодруулснаа хүргэж байна.

Та өөрийгөө танилцуулахгүй юу. Нутаг усанд тань баавгай ер нь үзэгддэг байв уу?

– Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат малчин хүн. 2005 оноос хойш нутагтаа мал маллаж аж төрж байна. Ер нь манай нутгаар баавгай үзэгдээд байдаггүй юм. Зэргэлдээ сумдаар ганц нэг харагдсаныг сонсож л байснаас биш, яг өөрөө нүүр тулна гэж бодсонгүй.

Тэр өдөр яг юу болсон юм бэ? Баавгайтай хэрхэн таарав?

– Тухайн өдрийн өглөө эрт адуу малаа эргүүлэхээр явж байтал нэг хөл нь бэртчихсэн доголон морийг маань нэг том юм тойроод байгаа нь харагдсан. Очсон чинь баавгай байж таарсан. Намайг дөхөөд очиход зугтаагаад, айлын хоттой хонь руу орж үймүүлээд, цаашлаад гол дагаад зугтчихсан юм.

Зэрлэг араатантай нүүр тулаад шууд бугуйлдана гэдэг айдастай байсан байх. Яагаад хүлэх шийдвэр гаргасан юм бэ? Яаж хүлсэн юм бэ?

– Байх ёстой газраасаа хаа хол хүрээд ирсэн амьтныг холбогдох хүмүүст нь хүлээлгээд өгчихье л гэж бодсон. Баавгай чинь аюултай амьтан шүү дээ, зүгээр орхичихож болохгүй. Тэгээд араас нь мотоциклтойгоо очоод байдлыг нь тандтал арай гайгүй юм шиг санагдахаар нь шууд бугуйлдчихсан. Гол дагаж буусан айлууд хараад машинтай давхилдаж ирээд, эсрэг талаас нь дахиж нэг бугуйлдсан юм.

Манай нутгийнхан баавгай харж байгаагүй болохоор айж сандралдсан. Ингээд холбогдох албаны хүмүүсийг дуудаж хүлээлгэж өгье гээд цагдаа, онцгой байдлынханд дуудлага өгсөн. Нэгэнт бариад авсан учир аюулгүй байдлаа бодоод хүлэхээр шийдсэн юм.

Хүмүүс айгаад ойртож чадахгүй байсан болохоор хоёр талаас нь татуулж байгаад би өөрөө ойртож хүлсэн. Тэгээд гэртээ очиж, өмнөх өдөр нь төхөөрсөн хониныхоо гэдсийг авчирч өгтөл шууд идчихэж байна билээ.

f6251e7c10b94459ad5829120bfab081

Тэгээд адуундаа явчихаад эргээд иртэл хүлээсээ тас хазаад, ойролцоох хадан дээр гарчихсан хэвтэж байсан. Энэ хооронд онцгой, цагдаагийнхан ирэхээр нь болсон явдлаа ярьж өглөө. Урд, хойд хөлөнд нь уяа нь үлдчихсэн байсан учир авах ёстой гэтэл "Аюултай, дахиж ойртож болохгүй" гэж болиулсан.

Ер нь нойрсуулагчтай буугаар буудаад, байгальд нь тавих байх гэж бодсон юм. Гэтэл машинаар бараадаж туусаар байгаад ойрхон ой мод руу оруулна гэхээр нь "Уяатай нь явуулж болохгүй" гээд дахиж бугуйлдаж байгаад хүлээсийг нь арай гэж салгаж авсан. Ямартай ч малчдад учирсан хохиролгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, албаны хүмүүст нь хүлээлгэж өгөөд явуулсан даа.

Цаашид анхаарч, мэдвэл зохих чухал зүйлийг ухаарч авсан. Хөдөөний улс чинь ийм онцгой үед яах ёстой талаарх мэдээлэл үнэхээр дутмаг байдаг юм байна. Манай нутгаар бор гөрөөс, чоно хааяа нэг үзэгдэнэ үү гэхээс өөр ан амьтан байхгүй. Ан амьтантай газрын малчид бол учир байдлыг сайн мэддэг байх.

Дархан цаазат зэрлэг амьтан мал, хүн рүү дайрвал ямар арга хэмжээ авах ёстой тухай, амь насаа хамгаалахын тулд буудвал ямар хуулийн хариуцлага хүлээдэг вэ гэдгийг сайн мэддэггүй байснаа ойлгосон. Сүүлийн үед баавгай айлын гэр нураалаа гэх мэдээлэл их явах болж. Тэгэхээр зэрлэг амьтантай хэрхэн аюулгүй харилцах талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг иргэдэд маш сайн хүргэж байх хэрэгтэй санагдсан даа гэлээ.

2026 он гарсаар өнөөдрийн байдлаар баавгай суурьшлын бүсэд орж ирсэн арав орчим тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, энэ оны хавар Сэлэнгэ аймагт баавгай орж ирсэн бөгөөд цаашлаад Дорнод, Хэнтий, Сэлэнгэ болон Хөвсгөл аймгийн хил дагуух сумдад суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд гарах болсон байна.

Эдгээр тохиолдол бүрд тухайн аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар болон сумын Онцгой комисс хамтран ажиллаж, баавгайг аль болох стрессдүүлэхгүйгээр байгальд нь эргүүлэн хөөж үргээх арга хэмжээг авч байгааг мэргэжилтнүүд дурдаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.