Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун өдрүүдийг, БНМАУ-ын 12 дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Ардын Их Хурал (АИХ), уг хурлаас сонгож байгуулсан Улсын Бага Хурал (УБХ)-ын гишүүд бүтээсэн юм.

Нийгмийн шилжилт, эдийн засгийн уналт төдийгүй хүмүүсийн сэтгэлгээ, үзэл санааны задрал оволзсон хүнд хэцүү цаг үед хууль цаазат төрийн үндсийг тодорхойлж, шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах хувь тавилан тэр хүмүүст оногдсон юм.

Тэр жилийн долдугаар сарын 29-ний Ням гаригт болсон сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН), Монголын Ардчилсан Нам (МоАН), Монголын Социал Демократ Нам (МСДН), Монголын Ногоон Нам (МНН), Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН) оролцжээ. Олон олондоо зургаан нам оролцсон ийм сонгууль Монголд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй юм.

Бүх нийтээр, тэгш, шууд сонгох зарчмаар явуулж, сонгогчдын 97.9 хувь оролцсон энэхүү анхны ардчилсан сонгуулийн дүнд нийт сонгогчийн 60 шахам хувь нь МАХН-ыг, 24 хувь нь МоАН-ыг, 6.0 хувь нь МҮДН-ыг, 5.0 илүү хувь нь МСДН-ыг дэмжсэн байлаа. Нэг суудлын төлөө нэг буюу хэд хэдэн хүн зэрэг өрсөлдөх, түүний дотор иргэн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэйгээр зохион байгуулсан тул аль ч намын гишүүн бус 20 хүн сонгогдож байжээ.

“БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ихээхэн ажил хэрэгч, ардчилсан, ил тод байдалд болж, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага-БНМАУ-ын Бага Хурлыг сонгон бүрдүүлснийг манай ард түмэн сэтгэл нэн ханамжтай хүлээн авлаа” хэмээн Ерөнхийлөгч П.Очирбат тухайн үед УБХ-ын индрээс бахархалтайгаар хэлж байв.

“Ажил хэрэгч, ардчилсан, ил тод”хэмээн Ерөнхийлөгчийн тодорхойлсон тэрхүү АИХ-ын чуулган есдүгээр сарын 3-нд эхэлжээ. Чуулганаар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасны дагуу АИХ-ын дарга, орлогч, БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг сонгон томилж, Улсын Бага Хурлыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргыг сонгох асуудлыг 1990 оны есдүгээр сарын 5-ны өглөөнөөс хэлэлцэж эхлээд, 7-ны өдөр шийдвэрлэжээ. Депутат Шаравын Гунгаадорж, Санжаасүрэнгийн Зориг, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Кинаятын Зардыхан, Даваадоржийн Ганболд, Дашийн Бямбасүрэн нар нэр дэвшсэнээс К.Зардыхан, Д.Бямбасүрэн нар нэрээ татаж, Д.Ганболдын нэрийг дэвшүүлэхээс Ерөнхийлөгч татгалзсан байна. Ингээд Ш.Гунгаадорж, С.Зориг, Р.Гончигдорж нар үлдэж, асуулт, хариулт, хэлэлцүүлэг 30 гаруй цаг үргэлжилсний эцэст санал хураалт явуулахад нийт депутатын 66.1 хувийн саналаар Р.Гончигдорж ялалт байгуулж байжээ.

БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч хэмээх шинэ бөгөөд дахин давтагдаагүй албыг хашсан цорын ганц хүн бол Р.Гончигдорж. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу намын бүлгийн ахлагч нартай урьдчилан зөвлөлдсөний үндсэн дээр Улсын Бага Хурлын орлогч даргад Кинаятын Зардыханыг, нарийн бичгийн даргад Бяраагийн Чимидийн нэрийг дэвшүүлж, АИХ-ын депутатуудын олонхын саналаар сонгуулсан байна. Ингээд УБХ-ыг байгуулах ажилдаа оров.

УБХ-ын 50 гишүүнийг сонгох асуудлыг АИХ есдүгээр сарын 9-ний өдөр шийдвэрлэжээ. Сонгуулийн дүнд үндэслэн УБХ-ын гишүүний мандатыг намуудад хувь тэнцүүлэн хуваарилахад МАХН 31, МоАН 13, МСДН 3, МҮДН 3 суудал авчээ. Намууд авсан мандатдаа намын гишүүн ба гишүүн бус хүмүүсийн нэрийг дэвшүүлж, хүн нэг бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна.

Есдүгээр сарын 13. Цагаан хяруу унасан намрын дунд сарын эхээр хөдөөгийн амгалан талд сөлөө хаяагүй өвсөн толгойг намилзуулсан сэрүүн сэвшээ салхитай ч нарлаг, дулаахан. Харин тэр жилийн намар хот хөдөөгүй улс орныхоо өнгөрсөн, ирээдүйг дүгнэж цэгнэсэн үй олны бодол, сэтгэлийн эрчмээр салхины эрч илүү ширүүн байсан нь лавтай. Энэ бол Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ сөхсөн түүхт өдөр.Ардчиллын галыг цахиж, эрх чөлөөний суурийг гангаар цутгах их үйл хэргийн хөдөлгүүр ассан өдөр.

Улс орны хувь заяа, ирээдүйг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчлэх тулгуур асуудлыг УБХ-ын гишүүд бүхий л оюун билэг, зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан, шавхан шийдвэрлэсэн юм.

Тэд улс орны төр, нийгмийн хөгжлийн хэтийн ирээдүйг харж, шинэ Монголын дүр зургийг Үндсэн хуульдаа сийлж үлдээсэн түүхэн гавьяа байгуулаад зогсохгүй олон ургалч үзэл хандлагаар төрийн бодлогыг хэлэлцэн зөвшилцөх, итгэлцэл ойлголцлоо бэхжүүлэх, олонхиор шийдвэрлэх ч цөөнхөө сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэх улс төрийн соёлыг парламентат ёсонд гүн бат суулгаж үлдээжээ.

“Алд бие мину алжааваас алжаатугай

Ахуй төр мину бүү алдартугай

Бүтэн бие мину алжааваас алжаатугай

Бүрэн улс мину бүү алдартугай” гэсэн Эзэн Чингис хааныхаа сургаалаар андгай тангараг өргөсөн ахмад парламентчдын үлдээсэн энэхүү үнэт өв зөвхөн парламентын төдийгүй нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлсэн язгуур зарч

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.