🔴Т.Ням-Очир: Үдийн хоолонд дотор махаар хоол хийж өгч байгаа нь үнэн
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үдийн хоолны төсөв, сүү хөтөлбөр болон нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийн талаар дараах тайлбар, мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дотор махан хоолоор үйлчлэх туршилт, зохион байгуулалтын ажлууд сүүлийн 2–3 жил хийгдсэн бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн жишиг цэсэд сард нэг удаа дотор махан хоол оруулахаар жишиг байдлаар тусгасан. Өнөөдрийн байдлаар ямар асуудал үүсэж байна вэ гэхээр тухайн хоолтой өдөр түүхий эд, бүтээгдэхүүнээ татан авахад дотор махны үнэр гарах, эсвэл гэрийн аргаар дотор мах чанаж хэрчээд өгч байгаа мэт таагүй ойлголт үүсээд байх шиг байна. Миний бие Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа сургууль, цэцэрлэгийн тогооч нарын дунд хүүхдэд зориулсан дотор махан хоол, бүтээгдэхүүн бэлтгэх уралдаан, үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байсан. Стандартын дагуу бэлтгэж буй тохиолдолд гэрийн нөхцөлд чанасан шиг байдаггүй, бусад нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулан хүүхдийн идэх сонирхлыг татахуйц хэлбэрээр бэлтгэдэг. Магадгүй шинээр ажилд орсон тогооч нар эсвэл эдгээр сургалт, үзүүлэх ажилд хамрагдаж амжаагүй хүмүүсээс шалтгаалан зарим тохиолдолд алдаа гарсан эсэхийг бид нягталж байна" гэв.
Одоогийн байдлаар 1–5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардал нэг хүүхдэд 2500 төгрөг, цэцэрлэгийн өдрийн бүлгийн зардал 3000 төгрөг байна. Энэ нь зөвхөн хүнсний материалын зардал бөгөөд тогооч нарын цалин, цахилгаан, түлш, дулааны бүх зардал нь тухайн сургууль, цэцэрлэгийн үндсэн төсөвт сууж явдаг. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа хаврын улиралд махны нөөц буурах үед нийт материалын зардлын 60–70 хувийг зөвхөн мах эзлэх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2027 оны төсөвт үдийн хоолны зардлыг бодитойгоор нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж тусгаад байна гэлээ.
"Сүү" хөтөлбөр нь сүүлийн 4–5 жилийн хугацаанд орон нутгийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж, хүүхдүүдэд бодит үр өгөөжөө өгч байгаа төслүүдийн нэг юм. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд өргөн хүрээнд зохион байгуулагдсан. Засгийн газраас 2027 онд уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үдийн хоолтой уялдуулан хэрэгжүүлэх бодлого барьж байна. Ингэхдээ орон нутаг, аж ахуйн нэгж, улс гэсэн гурвалсан хамтын ажиллагааны жишиг загвараар хэрэгжүүлнэ.
Сурах бичиг болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар: "Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс эхлэн түгээгдэж эхэлнэ. Сурах бичиг нь хөтөлбөрөө дагаж гардаг зарчимтай. 2026 оны хоёрдугаар сард 1–5 дугаар ангийн хөтөлбөрийг Үндэсний зөвлөл болон мэргэжлийн зөвлөлүүд хэлэлцэн баталсан. Үүний хүрээнд нэгдүгээр ангийн хөтөлбөрийн агуулга, арга зүйд гарсан өөрчлөлтийг тусгасан сурах бичгүүд зохиогдож байна. Ажлын даалгаварт сурах бичгийн зургийн эзлэх хувь, агуулга, жишиг даалгаврыг нарийн зааж өгсөн" хэмээв.
Өмнөх жилүүдэд сургуульд ороход 60–80 цагийн бэлтгэл хөтөлбөр хэрэгждэг байсан бөгөөд хүүхдүүд шууд зурлага, татлага зэрэг хичээлдээ ордог байв. Харин энэ жил бэлтгэл хөтөлбөрийг эрс өөрчиллөө. Хичээлийн эхний дөрвөн долоо хоногт дараах үе шатаар хүүхдүүдийг бэлтгэж байна. Үүнд:
- Эхний 7 хоног: Сургуулийн орчинтойгоо танилцах,
- Хоёр дахь 7 хоног: Анги хамт олон гэдгийг ойлгох, өөрийн үүрэг оролцоог мэдрэх,
- Гурав дахь 7 хоног: 'Би сурагч боллоо' гэдгээ ухамсарлах,
- Дөрөв дэх 7 хоног: 'Би сурч чадна' гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авах, айдсаас ангижрах.
Энэхүү сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр багш нарт зориулсан алхамчилсан удирдамж, зөвлөмжийг гарган ажиллаж байна. Ингэж хүүхдийг сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэсний дараа аравдугаар сараас эхлэн сурах итгэлтэй болсон сурагчдад зурлага, татлага болон бусад үндсэн хичээлийг оруулахаар зохицуулсан хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.