Тайландын хамба лам сүмийн хөрөнгийг завшсан хэргээр баривчлагджээ
Тайландын Аюттая муж дахь эртний алдарт Ват Пхуттхайсаван сүмийн тэргүүн хамба лам 66 настай Пхра Вачираян Виг сүмийн 92 сая гаруй батыг завшсан болон сахил алдсан хэрэгт сэжиглэн баривчилж, сахил буулгажээ.
Тус улсын Авлигатай тэмцэх шүүхийн шийдвэрийн дагуу Мөрдөн шалгах төв товчоо болон Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид түүнийг хамсаатных нь хамт саатуулсан байна.
Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд сүмийн нэр дээр 20 гаруй хуурамч, зөвшөөрөлгүй хандивын баримт үйлдэж, сүмийн сангийн хөрөнгийг хувьдаа завшсан болохыг тогтоожээ. Тэрээр 92 сая гаруй бат буюу ойролцоогоор 2.7 сая ам.долларыг өөрийн дотно харилцаатай байсан 47 настай туслах эмэгтэйн данс руу шилжүүлж, бусад хүмүүсийн нэр дээр хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг эмэгтэйн дансаар жил бүр хэдэн арван сая бат эргэлдэж байжээ.
Санхүүгийн луйвраас гадна шашны ёс зүйг ноцтой зөрчсөн бичлэг илэрсэн нь шалгалтын явцад ил болсон байна.
Мөрдөн шалгах төв товчоо, Мөнгө угаахтай тэмцэх алба болон Буддын шашны үндэсний хорооноос хийсэн хамтарсан хэвлэлийн хурлаар сэжигтний өрөө болон холбогдох газруудаас асар их хэмжээний хөрөнгө хураан авснаа зарлав. Нэгжлэгээр 138 сая гаруй батын бэлэн мөнгө, банкны данснуудад байсан 290 сая гаруй бат, 1066 бат-жин алтан гулдмай, үнэт эдлэлүүд болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг битүүмжлэн шалгаж байгаа аж.
Хуучин хамба ламыг албан үүргээ урвуулан ашиглаж өмч хөрөнгө шамшигдуулсан, авлига авсан болон зохион байгуулалттайгаар мөнгө угаасан үндэслэлээр яллагдагчаар татжээ. Мөн түүний хамсаатан эмэгтэйд өмч завшихад тусалсан, мөнгө угаасан хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр тэднийг батлан даалтад гаргахгүйгээр цагдан хорих ажиллагааг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.