О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашгаар төсвийн цоорхойг нөхөх биш иргэддээ нэрийн дансанд нь өгөх ёстой
Оюутолгойн гүйцэтгэх захирал Монголд ирж байгаа. Энэ үеэр Н.Учралын Засгийн газар гэрээ хоёр талаасаа албажуулах маш чухал байна. Ногдол ашгаар төсвийн цоорхойг нөхөх биш иргэддээ нэрийн дансанд нь өгөх ёстой гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Сүүлийн жилүүдэд Оюутолгой төслийн хүрээнд томоохон үйл явдлууд өрнөлөө. Төсөлтэй холбоотой ноцтой асуудлуудын улмаас Монгол Улсын язгуур эрх ашгийг хангах шаардлага тулгарч, парламентын зүгээс хяналтын дээд механизм болох Хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулсан. Мөн УИХ-аас 120 дугаар тогтоолыг баталж, нээлттэй сонсгол зохион байгуулан олон нийтийн мэдэх эрхийг хангасан юм. Энэ хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийснээр тодорхой бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал, зээлийн хүүг 2.5 хувиар, менежментийн төлбөрийг 50 хувиар тус тус буурууллаа. Түүнчлэн өмнө нь долоон жил тутам хэлэлцдэг байсан зээлийн хүүг гурван жил тутам хянахаар наашлуулан тохиролцлоо.
Гэхдээ хамгийн чухал нь эдгээр тохиролцоог албан ёсны гэрээнд зайлшгүй тусган баталгаажуулах шаардлагатай. Улс төрийн түвшний яриа хэлцэл нь цаасан дээр бууж, эрх зүйн баримт бичиг болохгүй л бол бодит үр дүн авчрахгүй. Үүнийг албан ёсны гэрээнд агуулгын хувьд зөв тусгаж байж асуудал бүрэн эцэслэгдэнэ. Энэ долоо хоногт "Рио Тинто" группийн гүйцэтгэх удирдлагууд хүрэлцэн ирж буй тул Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, хоёр тал гарын үсэг зурснаар л хэлэлцээ эцэслэгдэн баталгаажих учиртай. Хэрэв маргаан үүсэж олон улсын шүүхэд хүрвэл зөвхөн гэрээний заалтыг л харна. Тиймээс энэ ажлыг цаг алдалгүй, нягт хийх ёстой бөгөөд Засгийн газрын зүгээс ч хатуу байр суурь баримтлах үүрэгтэй юм.
Хоёрдугаарт, Монголын тал Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болж байна. Ногдол ашгийг 2026 оноос эхлэн авснаар анхны хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар баталсан 120 дугаар тогтоолд заасан 53 хувийн үр өгөөжийг Монгол Улс хүртэх бодит боломж нөхцөл бүрдэнэ. Энэ бол нэн чухал асуудал бөгөөд төсөвт тодорхой тусгасан нь зөв алхам юм. Гэсэн хэдий ч хэлэлцээг 3 их наяд төгрөгөөр хязгаарлахгүй, цаашид үргэлжлүүлэх ёстой гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.