Өдөрт дунджаар 2300-2400 тонн АИ-92 автобензин импортолж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны ханган нийлүүлэлтийг зохицуулах, тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж, улсын хэмжээнд түлш, шатахуунтай холбоотой тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн, гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл, даалгавар өгөн ажиллаж байна.
МГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр
-Улсын хэмжээнд шатахууны импорт тасралтгүй хэвийн хийгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нээс 10-ны өдрүүдэд нийт 24 мянган тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ. Энэ нь сүүлийн 10 хоногийн дунджаар өдөрт 2300–2400 тонн бүтээгдэхүүн импортолж, Монгол Улсын АИ-92 автобензиний өдрийн хэрэглээг бүрэн хангахуйц хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байна.
Түүнчлэн есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 92 вагон буюу 5520 тонн АИ-92 бензин байгаагаас буулгах өртөө болон агуулахуудад 41 вагон буюу 2460 тонн бензинийг буулгаж байна. Улаанбаатар хот болон бусад аймаг дахь агуулахуудаас нийслэл болон орон нутгийн ШТС-ууд руу АИ-92 автобензин болон дизель түлшний ачилт тасралтгүй хийгдэж байна.
Есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 91 ШТС руу 1000 тонн, орон нутгийн 58 ШТС руу 584 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийж гаргасан байна.
Улаанбаатар хотод автобензин болон дизель түлшний нөхцөл байдал тогтворжиж, ШТС-уудаар борлуулалт хэвийн хийгдэж байна. Мөн орон нутгийн зарим алслагдсан сумдад автобензин, дизель түлшийг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж, улсын хэмжээнд шатахууны хангамж тогтворжиж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.