Хүүхэд асрагч эмэгтэй асарч байсан хоёр хүүхдээ хулгайлжээ
АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод 42 настай Лакеша Браун гэгч эмэгтэй дөрвөн настай болон 11 сартай хоср охиныг хулгайлсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага шуурхай ажиллан түгжээтэй чиргүүлээс хүүхдүүдийг эсэн мэнд олж тогтоон сэжигтнийг баривчилсан байна.
Хэрэгт сэжигтнээр татагдсан Лакеша Браун нь охидын ээж Элика Реддингтэй жирэмсэн эхчүүдэд зориулсан цахим сүлжээний бүлгэмээр дамжуулан анх танилцжээ. Сэжигтэн эхэндээ үс засах үйлчилгээ үнэгүй санал болгож, улмаар бүтэн жилийн хугацаанд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, удаа дараа уулзсаар эхийн бүрэн итгэлийг олж авсан аж. Ийнхүү бямба гаргийн орой хүүхдүүдийг асрахаар авч үлдсэн Браун тэднийг дэлгүүр авч явна гэж мэдэгдсэн ч хэлсэн цагтаа эргэж ирээгүй байна. Хүүхдүүдийн ээж лавлахад авто ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж худал хэлсэн боловч ойролцоох эмнэлгүүдэд ямар ч ослын бүртгэл байгаагүй учир ээж нь цагдаад яаралтай мэдэгджээ.
Хэргийг шалгахаар Атланта хотын цагдаагийн газар, Жоржиагийн мөрдөх товчоо болон Холбооны мөрдөх товчооны тусгай хэсэг хамтран утасны байршил тогтоох замаар Сильван замын ойролцоох орон сууцны талбайд хүрсэн байна.
Мөрдөгчид тэнд байсан хаалттай ачааны чиргүүл дотроос нярайн уйлах чимээг олж сонсжээ. Чиргүүл агааржуулагчгүй, гадаа агаарын температур цельсийн 36 хэм давж халж байсан тул цагдаа нар цоожийг нь шуурхай тасдан охидыг гаргаж авсан бөгөөд сэжигтэн хамт түгжигдсэн байдалтай олджээ. Хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсны дараа эхтэй нь эсэн мэнд уулзуулсан байна.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг эмэгтэй урьд нь ижил төстэй гэмт хэрэгт холбогдож байсан нь тогтоогджээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сард Алабама муж улсын Бирмингем хотод дөрөв хоногтой нярайг итгэл эвдэн авч зугтсан хэргээр яллагдаж, баривчлах тогтоол гарсан байсан аж. Түүнчлэн Жоржиагийн Полдинг тойргийн шерифийн газраас хуурамчаар жирэмсэн болж, өөр нярайн зургийг бусдад илгээсэн хэрэгт нь мөн саатуулах шийдвэр гаргасан байжээ.
Одоогоор Лакеша Брауныг Фултон тойргийн хорих төвд батлан даалтгүйгээр цагдан хорьж, хүн хулгайлсан хоёр зүйл анги болон хүүхдэд харгис хэрцгий хандсан хүнд гэмт хэргүүдээр ял төлөвлөн шалгаж байна.
Хууль хяналтын байгууллага энэ төрлийн хэргээс сэрэмжлүүлэхийн сацуу хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдэгдлээ.
Эх сурвалж:
•
• kesq.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.