🔴Н.Учрал: Хоосон улс төржилтийн энэ сорилтыг даван туулна

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийнх нь хамаарал бүхий "Их засаг кинг" сургуультай холбоотой асуудлаар АТГ-т газарт хандлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал: 

-Улсын Их Хурлаар энэ цаг үед улсын төсвийн асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас Төрийн өмчит компаниудын (ТӨК) ногдол ашгийг 3.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэн авах бодлого баримталж байгаа. Энэ ногдол ашгийн орлогыг багш, эмч нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татварын шинэ хууль хэрэгжихтэй холбогдуулан шинээр 15 мянган ажлын байр бий болгох төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцүүлж байна. 

Төсвийн тодотголтой холбоотой улс төржилт өрнөж байна. Ард түмэн намайг мэднэ. Надад нууж хаах ямар нэгэн зүйл байхгүй. Тийм ч учраас өнөөдөр цахим орчинд гараад буй мэдээллүүдийг нэг бүрчлэн нягталж, үнэн мөнийг нь тогтоож өгөхийг хүсэн АТГ-т албан ёсоор хүсэлт гаргалаа. Шалгалтын хүрээнд бүх зүйлийн үнэн мөн тогтоогдох байх. Төсвөөс ямар нэгэн байдлаар мөнгө хуваарилуулахаар хүсэлт өгөөгүй, ямар ч зөвшөөрөл гаргаагүй, төсөв хуваарилсан асуудал огт яригдаагүй. 

Төсвийн хуулийн төслийг албан ёсоор үсэгчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд парламент жагсаалт нэг бүрээр нь нарийвчлан хэлэлцдэг. Гэтэл энэ үйл явцыг гуйвуулж, төсвийг унагах гэсэн хоосон улс төржилт, хар үйлдлүүд явуулж байна. Эндээс ямар нэгэн зардал чирэгдэл шийдвэрлэсэн зүйл огт байхгүйг Төсвийн хуулиас шууд харж болно. Хоёрдугаарт, миний гэр бүлийн нэр хүндэд илтэд халдаж байна. Манай гэр бүлийн хамаарал бүхий тэр сургуулиас төр засагт ямар нэгэн санхүүжилт хүссэн өргөдөл, хүсэлт гаргаагүй, хэвийн үйл ажиллагаагаа л явуулж байгаа. Иймд гэр бүл, ажил мэргэжлийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж болохгүй. 

Тэр хамаарал бүхий сургууль төсвөөс нэг ч төгрөг аваагүй, хийгээгүй үйлдлийнхээ төлөө ийнхүү улс төржилтөд өртөж байгаад харамсаж байна. Миний аав, ээж хоёр насаараа энэ боловсролын салбарт ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж ирсэн хүмүүс. Миний өндөр настан ээж, аав улсын төсвөөс таван төгрөг ч аваагүй, төлөвлөөгүй, хүсэлт гаргаагүй гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй. Хэн нэгний бэлтгэсэн, эх сурвалж тодорхойгүй эксел файлаар төсөв хэлэлцдэггүй юм. 

Би энэ хоосон улс төржилт, хийрхлээс ангид байж, юутай ч Оюутолгойн болон ТӨК-иудынхаа ногдол ашгийг ард түмэндээ хүртээхийн төлөө ямар ч сорилтыг даван туулж, иргэдтэйгээ хамтдаа зүтгэнэ. Надад нуух зүйл юу ч байхгүй. Албан хаагчдын ажлын төлөвлөгөө нэртэй, хаанаас гарсныг нь мэдэхгүй эксел файл тарааж, миний болон гэр бүлийн минь нэр хүндэд нотлох баримтгүйгээр халдаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Би тухайн дунд сургуульд ямар ч хувь эзэмшдэггүй. Миний гэр бүлийнхэн төсвөөс нэг ч төгрөг аваагүй. 

Өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулиуд руу хүсэлт тавьж, дүүрэг болгон дээр тэдэн суудал гаргах боломжтойг тооцон судалгаа авсан юм билээ. 'Империал' болон бусад сургуулиудад ч хүсэлт тавьсан байсан. Гэтэл манай сургууль тэр хүсэлтийг нь хүлээж аваагүй, биднээс ч ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Иймд энд ямар ч хууль бус санхүүжилт, үйл ажиллагаа байхгүй. Төсвийн хуулийнхаа дагуу бүх зүйлээ нээлттэй хэлэлцээд явна. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно. Хоосон улс төржилтийн энэ сорилтыг даван туулах болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.