Баянхутаг суманд нэмж 100 га талбайд ногоон тэжээл тариалахаар уринш хийхээр болжээ

Баянхутаг суманд нэмж 100 га талбайд ногоон тэжээл тариалахаар уринш хийхээр болжээ
“Атар 4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл энэ жил 17 аймгийн 24 суманд амжилттай хэрэгжиж, малчид 100 га талбайд тариалсан ногоон тэжээлээ хурааж эхэлжээ. 
 
Хэнтий аймгийн Баянхутаг сумын 25 малчин өрх нэгдэн “Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд “Улаан өндөр” багийн нутаг дахь атаршсан талбайг сэргээн ашиглаж, 100 га талбайд тэжээлийн таримал тариалсан байна. Малчид ногоон тэжээлээ хураах бэлтгэлээ хангасан бөгөөд агрономичийн зөвлөснөөр цаг агаарын байдалтай уялдуулан есдүгээр сарын дунд арав хоног, эсвэл сарын сүүлчээр хураалтаа эхлэхээр төлөвлөсөн байна.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ногоон тэжээл тариалсан малчдын төлөөлөлтэй уулзан салбарын бодлогыг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. Баянхутаг сумын хэмжээнд энэ жил анх удаа 100 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд амжилттай ургуулж чадсан нь малчдад урам өгчээ. Тиймээс олон малчин ногоон тэжээл тариалах хүсэлт гаргасан тул сумын нутаг дэвсгэрт байгаа атаршсан талбайгаас нэмж 100 га газарт ирэх хавар ногоон тэжээл тариалахаар төлөвлөж уринш хийхээр болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.