СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-25

Эх барих эмч Д.Өнөржаргал: Би 26 жилийн турш ажиллахдаа 19 мянган хүүхэд эх барьж авсан

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Эрүүл мэндийн салбар үүссэний 100 жил, "Өргөө" амаржих газрын 95 жил, "Өргөө" амаржих газрын Эмэгтэйчүүдийн тасаг үүссэний 90 жилийн ой тохиож байна. 1933 онд Нэгдүгээр төв эмнэлэг дээр суурилаад 10 ортой эмэгтэйчүүдийн тасаг нээгдэж байсан түүхтэй. Үүнээс хойш өөрийн үндсэн боловсон хүчнийг бэлтгэж, өсөлт дэвшилттэй ажиллаж буй тасаг юм.

Эмэгтэйчүүдийн тасаг нь 2000 оноос хойш дурангийн мэс засал, дотоод шүүрлийн эмгэгийг эмчлэх тал дээр шинэ технологийг нэвтрүүлж чадсан юм. Уг газрын 90 жилийн ойг тохиолдуулан "Өргөө" амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Д.Өнөржаргалтай ярилцлаа.

"Өргөө" амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Д.Өнөржаргал:

-Би 1996 онд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн сургалт дүүргэсэн. Тэр он цагаас хойш тасралтгүй 28 жил эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлын үр дүн нүдэн дээр гарж байдаг. Бидний эх барьж буй эх, хүүхэд эсэн мэнд амаржих, хийсэн хагалгааны маань өвчтөн эрүүл саруул болоод эмнэлгээс гарч байгаа нь энэ мэргэжлийн сайхан зүйл. Би 26 жил эх барих эмэгтэйчүүдийн эмч хийсэн.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудлууд гарах болсон. Мэдээж ганцхан эх барих эмэгтэйчүүд гэлтгүй эрүүл мэндийн салбарт ямар нэгэн асуудал үүсэхэд тэр чигээрээ системээрээ санаа зовж байдаг. Бид ямар нэгэн алдаа, хүндрэл эрсдэл үүсгэхгүйн төлөө ажилладаг. Сүүлийн үед энэ байдлыг дэвэргэж, нийгмээрээ бухимдах болсон шалтгаан нь амьдарч буй нийгэм нь өөрөө бухимдалтай байгаагаас үүдэж байгаа болов уу.

Нэг хүн өвдлөө гэхэд энэ ганцхан тэр хүний асуудал биш гэр бүлийн асуудал болж хувирдаг. Эмнэлгийн байгууллагад хандахдаа эмч, ажилчидтай харилцан ойлголцож ажиллах ёстой. Тиймээс нийгмээрээ ч эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, жилд нэг удаа үзлэгт хамрагдаж, оройтохгүй эмнэлэгт хандах ёстой.

Салбарын тогтвортой байдал гэдэг бол тухайн байгууллагын боловсон хүчин, багаар ажиллах чадвар, дэмжлэгт удирдлага байдаг. Удирдлага сайтай газар боловсон хүчин тогтвортой сайн ажилладаг. Тогтвор суурьшилтай ажиллахад хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлэх чухал. Манай улсад эмч, багш нарын цалин бага байдаг. Энэ тал дээр төрөөс бодлого боловсруулж, эмч, сувилагч, багш нарын цалинг хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. . Тийм учраас Европын улсууд шиг биш юм аа гэхэд Азийн орнуудын жишиг хэмжээнд хүрэх шаардлагатай. Төрийн албан хаагч нар гадны улсыг зорьж, хар ажил хийж байгаа нь бодит жишээ. Ийм байдлаар боловсон хүчнээ алдмааргүй байна гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.