🔴О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
УИХ дахь АН-ын бүлэг: Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлаа нэн яаралтай оруулж ирэхийг шаардав
УИХ дахь Ардчилсан намын (АН) бүлгийн удирдлагууд болон гишүүд Төрийн ордны зүүн хаалган дээр мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаас гарсан шийдвэр болон цаг үеийн асуудлаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Г.Ганхуяг нар байр сууриа илэрхийлэв.
Хэвлэлийн хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нийт иргэдэд Олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргээд, "Ардчилал гэдэг дөрвөн жилд нэг удаа сонгууль өгөх төдий зүйл биш, иргэн хүн өдөр тутам байр сууриа илэрхийлж, нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөн бүрд оролцож байхыг хэлдэг" хэмээн онцоллоо. Мөн өнөөдрийн шударга бус тогтолцоо, хууль зөрчсөн төсвийг эсэргүүцэж, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтайгаар иргэнийхээ хувьд тэмцэж буй иргэн Энхмөнхийг АН-ын бүлгийн гишүүд бүрэн дэмжиж, хамт байгаагаа илэрхийлсэн юм.
О.Цогтгэрэл: Төсвийн төсөл нь хууль зөрчсөнийг Сангийн сайд зөвшөөрсөн
Тэрбээр хэлэхдээ, "Өнөөдөр есдүгээр сарын 15 буюу ээлжит чуулганы нээлтийн өдөр 2027 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлж байна. Сая бүлгийн хуралдаан дээр Сангийн сайдаас байр суурийг нь тодрууллаа. Төсвийн зөв, буруу тооны их, багаас гадна энэхүү төсвийг өргөн барьсан үйл явц нь өөрөө хууль зөрчсөн болохыг Сангийн сайд зөвшөөрч, хариултаараа нотоллоо. Энэ нь Засгийн газар, УИХ хууль дээдлэх зарчмыг хэрхэн баримталж байгааг харуулж байна. Бид өнөөдөр 14:00 цагт болох чуулганы нэгдсэн хуралдаанд орж байр сууриа илэрхийлнэ" гэв.
Мөн өчигдөр хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг танилцуулж: "АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Нямосорын Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д нэн яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг шаардаж байна. Засгийн газрын бодлого явахаа болилоо. Олон улсын парламентын жишигт бодлогын зөрчилдөөн үүсвэл өөртөө итгэл үзүүлэх асуудлыг тавьдаг. Хэрэв парламент итгэл үзүүлбэл бодлого нь хэрэгжинэ, итгэл үзүүлэхгүй бол бусад дагалдах хууль, бодлогыг хэлэлцэх шаардлагагүй болдог. Иймд Ерөнхий сайд Н.Учрал ард түмний төлөөлөл болсон УИХ-аас итгэлээ нэн даруй асуух ёстой. Өнөөдөр Ерөнхий сайдын кабинет ямар байгааг харж байна. Сайд нар нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь сайд нартаа итгэхгүй байгаа ийм Засгийн газар ард түмний болон парламентын өмнө үүрэг хариуцлагаа хүлээж ажиллаж чадахгүй нь тодорхой боллоо" гэв.
Хуулийн хугацаа болон огцруулах бичгийн тухайд тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр, "Үндсэн хуульд заасан энэ боломжийг бид ашиглаж байна. АН-аас Ерөнхий сайдад тун эелдэг боломж олгож байгаа юм. Хэрэв итгэл үзүүлэх асуудлаа шийдүүлчихвэл төсөв болон бусад бодлогыг нь дэмжинэ гэсэн үг. Цаана нь яригдаж буй хулгай луйвар, ёс зүйн асуудлууд хүртэл хойш тавигдаж, бодлого урагшилна. Хуульд итгэл үзүүлэх асуудлыг оруулах тодорхой хугацаа заагаагүй ч Засгийн газрыг огцруулах асуудал 10 хоногийн хугацаатай байдаг. Хэрэв Ерөнхий сайд өөрөө итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэхгүй бол бид Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих болно" хэмээн мэдэгдлээ.
Мөн бүлгийн эв нэгдлийн асуудлаар УИХ-ын гишүүн Болорсамбуу өчигдрийн намын улс төрийн бүлгийн хуралд сууж, намын улс төрийн шийдвэрийг дагаж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тодотгов. Түүнчлэн төрийн албан хаагчдыг хам хамсаатан болгон харж байгааг шүүмжилж, эрх баригч намын дотоод ёс зүй нуран унаж буйг сануулав.
"Гадаад зах зээл таатай байхад иргэдийн бодит орлого 7 хувиар буурсан нь бодлогын том алдаа"
Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар О.Цогтгэрэл гишүүн: "Иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам доройтож, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж чадахгүй байна. Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл нь инфляцыг улам хөөрөгдөж, иргэдийн халаасыг хоослох төсөл болсныг АН эрс буруушааж байна. Жил бүр нүүрсний экспорт нэмэгдэж, тоон үзүүлэлт сайжирсан мэт харагдах боловч иргэдийн амьдрал доройтож байна. Бидэнд макро эдийн засгаа зөв авч явах шийдэмгий, зоригтой удирдлага хэрэгтэй байна.
Гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг харвал, алтны үнэ өнгөрсөн жилээс 5 дахин, нүүрсний үнэ олон жилийн дунджаас 3-4 дахин өсөж, 30 ам.доллар байсан нүүрс өдгөө 120 ам.долларт хүрсэн, зэсийн үнэ 4 дахин нэмэгдсэн байна. Магадгүй Чингис хаанаас хойш Монгол Улсад гадаад эрэлт, зах зээлийн хувьд ийм таатай нөхцөл бүрдсэн үе байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл гадаад нөхцөл ингэж таатай байхад иргэдийн бодит орлого 7 хувиар буурч, үнэ ханшаа алдаж байна гэдэг бол төрийн асар том бодлогын алдаа юм. Тиймээс ийм алдаа гаргадаггүй, алдаагаа засдаг Засгийн газар, Ерөнхий сайд шаардлагатай байна" гэлээ.
Г.Ганхуяг: Хууль зөрчсөн төсвийн төсөл болон "Гэрт ойрхон сургууль" төслийн 50 тэрбумын задаргааг шаардана
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Ганхуяг төсөвтэй холбоотой ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрх баригчид төсөвтэй холбоотойгоор хуулийг шууд зөрчиж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж төсвийн тодотгол оруулж ирсэн гэдгийг тодорхой дурдсан. Төсвийн тодотгол нь батлагдаагүй байхад 2027 оны төсвийг хэлэлцүүлж байгаа нь давхар хууль зөрчсөн үйлдэл юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд МАН хууль биш хүн засагладаг тогтолцоог бий болголоо. Мэргэжилтнүүд, төсвийн шинжээчид, аудитынхаа дүгнэлтийг харахгүйгээр дур зоргоороо төсөв өргөн барьж байна.
Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 онд 36.5 их наяд төгрөгийн зардлын хязгаар баталсан атал 43 их наяд төгрөг болгож, 2 их наяд төгрөгийн алдагдалтайгаар оруулж ирж хуулийг дахин зөрчлөө.
Түүнчлэн Ерөнхий сайдтай холбоотой 50 тэрбум төгрөгийн 'Гэрт ойрхон сургууль' хөтөлбөр болон түүний хувийн сургуультай холбоотой асуудал яригдаж байсан. Гэтэл 2027 оны төсөв дээр энэхүү 50 тэрбум төгрөгийг дахин суулгасан байна. Бид үүний задаргааг нэхэх болно. Манай бүлгийн гишүүд Боловсролын яам, Сангийн яаман дээр очиж ажиллаж, баримт фактыг нь ил болгоно. Анхан шатны эксел файлуудыг шалгаж, бодит байдлыг гаргаж ирэхэд Ерөнхий сайд 'Намайг харлуулах гэж байна' гэж уурлаж болохгүй. Өнөөгийн Ерөнхий сайд өмнө нь УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, Цахим хөгжлийн сайд хийж байсан, олон төсөв, хууль баталж байсан хэр нь өнөөдөр өөрөө хууль зөрчсөн төсөв оруулж ирж байгаа нь гутамшигтай явдал. Энэхүү хууль бус байдлаас салах ёстой гэсэн хатуу зарчмыг АН баримталж байна" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.