Сингапур мөнгө угаах гэмт хэргээс хураасан 2.4 тэрбум ам.долларын хөрөнгийг худалдаална
Сингапурын эрх баригчид түүхэндээ хамгийн томд тооцогдох 2.4 тэрбум ам.долларын (3 тэрбум сингапур доллар) мөнгө угаах гэмт хэргийн сүлжээнээс хураан авсан тансаг зэрэглэлийн эд хогшил, үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлж эхэллээ.
Зүүн өмнөд Азийн бүсэд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан гадаадын арван иргэнийг цагдаагийн 400 гаруй алба хаагчийн оролцоотой баривчилж, ял оноон нутаг буцаасны дараа уг хөрөнгийг бүрэн хураасан түүхтэй ажээ.
Хураагдсан бэлэн бус хөрөнгийг зах зээлд үнэгүйдүүлэхгүйн тулд тус улсын цагдаагийн байгууллагаас “Deloitte Singapore” компанийг менежерээр томилжээ. Борлуулалтын хүрээнд нийт 80 гаруй үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн дөрвөн агентлаг хамтран зах зээлд борлуулж байна. Эдгээрээс нэрт архитектор Норман Фостерын зураг төслөөр сүндэрлэсэн “South Beach” цогцолбор дахь дөрвөн унтлагын өрөөтэй пентхаус 25.3 сая сингапур доллар буюу 20 орчим сая ам.доллароор үнэлэгдэж байгаа нь гол анхаарлыг татаж байна.
Тансаг зэрэглэлийн цаг, үнэт эдлэл болон брэндийн цүнхнүүдийг Сингапурын “Hotlotz” дуудлага худалдааны төв хариуцан зохион байгуулж байна. Зах зээлийн эрэлтийг тэнцвэртэй хадгалах зорилгоор худалдааг 2027 оны тавдугаар сар хүртэл 15 үе шаттай цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 7-нд эхэлсэн эхний шатанд “Chanel”, “Louis Vuitton”, “Christian Dior” брэндийн 338 ширхэг цүнх болон “Graff”, “Bulgari”, “Cartier” ордны 286 ширхэг үнэт эдлэлийг санал болгосон байна. Эдгээр 624 зүйлийн урьдчилсан үнэлгээ 2.3-3.1 сая ам.доллароор тооцогдсон бөгөөд цахим хуудас нээгдсэнээс хойш хэдхэн цагийн дотор 1.3 сая сингапур долларын үнийн санал бүртгэгджээ.

Цуглуулгын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд зураач Яёи Кусама болон “Louis Vuitton” брэндийн хамтарсан цөөн тоогоор үйлдвэрлэсэн хулуун хэлбэртэй цүнх зүй ёсоор нэрлэгдэж байна. Эхний үнэ нь 18 мянган сингапур доллар байсан тус цүнхний санал богино хугацаанд 39 мянган сингапур доллар буюу 31 мянган ам.долларт хүрчээ. Түүнчлэн 15.02 каратын шар өнгийн алмазан бөгж 300 мянган сингапур долларын үнэлгээгээр тэргүүлж байгаа бөгөөд 11 дүгээр сард ховор хийцтэй “Birkin 25 Togo” зэрэг “Hermès” брэндийн 250 орчим цүнхийг тусад нь худалдаалахаар бэлтгэж байна. Сонирхогчид үнэт эдлэлүүдийг Чанги Норт дахь хатуу харуул хамгаалалттай “Le Freeport” цогцолборт урьдчилан цаг авч биечлэн үзэх боломжтой юм.
“Patek Philippe”, “Richard Mille”, “Rolex” брэндийн нарийн хийцтэй цагнууд болон цэвэр алтан гулдмайнуудыг 2027 он хүртэл үе шаттай худалдах бөгөөд бүх цэвэр орлого Сингапурын төрийн санд төвлөрөхөөрөө онцлогтой юм.

Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.