Газын зурвас дахь цэргийн ажиллагааны тухай баримтат кино хийсэн найруулагчдыг Израилын сайд буруушаав
Израилын Соёл, спортын сайд Мики Зохар Газын зурвас дахь цэргийн ажиллагааны тухай өгүүлсэн "NAZA" баримтат киног бүтээсэн найруулагч Ювал Абрахам, Рейчел Сзор нарын иргэншлийг цуцлахыг олон нийтэд уриаллаа.
Венецийн олон улсын кино наадмаас тусгай шагнал хүртсэн уг бүтээл нь тус улсын засгийн газрын гишүүдийн зүгээс "эх орноосоо урвасан" гэх ширүүн шүүмжлэл, эсэргүүцлийн үг хэлэхэд хүргэжээ.
Найруулагч Ювал Абрахам, Рейчел Сзор нарын хамтран бүтээсэн 80 минутын баримтат кинонд Израилын арми болон тагнуулын албанд ажиллаж байсан нэрээ нууцалсан 24 алба хаагчийн мэдүүлгийг дэлгэжээ. Тэд Газад явуулж буй цэргийн ажиллагааны үеэр хиймэл оюун ухаанд суурилсан онилох систем, автоматжуулсан устгах жагсаалт ашиглан энгийн номхон иргэдийг хэрхэн алж буйг баримтжуулан харуулсан байна. Уг кино Венецийн 83 дахь олон улсын кино наадмын үеэр үзэгчдээс 25 минутын турш тасралтгүй алга ташилт хүлээн авч, шүүгчдийн тусгай шагнал хүртсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.
Үүний хариуд Соёл, спортын сайд Мики Зохар тус бүтээлийг "жигшүүрт" хэмээн тодорхойлж, олон улсад өндөр үнэлэгдсэнийг нь цочирдом үйл явдал гэж мэдэгдэв. Тэрээр найруулагчдыг төрийн итгэлийг эвдэж, дайсантай хамтран ажилласан бөгөөд харь хүмүүсээс талархал хүлээхийн тулд эх орондоо санаатай хохирол учруулсан хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн сайд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эх орноосоо урвах эрх биш хэмээн онцлоод, уран бүтээлчдийн иргэншлийг цуцлах асуудлыг судалж үзэхийг Дотоод хэргийн яам болон Хүн ам, цагаачлалын газрын удирдлагуудад албан ёсоор уламжилжээ.
Хуулийн зохицуулалтаар Соёлын сайд бие даан иргэний харьяаллыг цуцлах эрхгүй бөгөөд ийм хүсэлтийг Дотоод хэргийн сайд санаачилж, Хууль зүйн сайд зөвшөөрсний дараа шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг журамтай. Тус улсын Дээд шүүх 2022 онд урвасан болон тагнуул хийсэн гэх ноцтой үндэслэлээр иргэншлийг цуцлах боломжтой гэж шийдвэрлэж байсан ч энэ нь практик дээр маш ховор тохиолддог арга хэмжээ юм. Үүний сацуу сайд Мики Зохар нууц мэдээлэл задруулж төрийн аюулгүй байдлын хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор кинонд ярилцлага өгсөн цэргийн алба хаагчдыг шалгуулахыг холбогдох албаныхнаас шаарджээ.
Кино бүтээгчдийн зүгээс өөрсдийн байр суурийг хамгаалж, иргэдийг шүүмжлэхээсээ өмнө бодит баримтуудыг үзэж танилцахыг уриалсан байна. Найруулагч Ювал Абрахам Газын зурвас дахь бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулах зорилготой гүтгэлгийн аян өрнөж байгааг анхаарууллаа. Олон улсын кино урлагийн байгууллагууд болон хүний эрхийн хамгаалагчид тус мэдэгдлийг үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан ноцтой дарамт шахалт хэмээн үзэж, түгшиж буйгаа илэрхийлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.